Б.Пүрэвдорж: Талх хэрэглэгчдэд хүрэхдээ 300-400 төгрөгийн НӨАТ-ын нэмэгдэлтэй байдаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьжээ. Үүнтэй холбоотойгоор тэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Өнгөрсөн парламентын хавар энэ хуулийн төслийг өргөн барьсан боловч олонхийн дэмжлэг аваагүй. Тийм учраас өнөөдөр дахин өргөн барилаа. Цар тахалтай холбоотой улс орны эдийн засагт хүндрэл үүссэн. Цар тахлын үеийн хуулиар Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр бүрэн дүүрэн хүндээ хүрсэн бол 3.2 сая хүнд 5.1 их наяд төгрөгийг хуваавал 1.6 сая төгрөг нэг хүнд очих ёстой. Гэвч энэ нь хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас ард иргэдийн амьдралд дарамт болж б айгаа НӨАТ-ын хувийг багасгах хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хууль хэрэгжсэнээр 1.1 их наяд төгрөгийн боломжийг ард иргэдэд буцаан өгнө.
Энэ хуулийн төсөлтэй холбоотой Сангийн яам төсвийн орлого багасгана гэж эсэргүүцдэг. НӨАТ 13 хувиар өснө гэж тооцсон. Энэ жилийн тухайд орлогын татвар 37 хувиар нэмэгдэнэ гэж үздэг. Ард иргэд НӨАТ-ын баримтыг авснаар далд орлого ил болдог. НӨАТ-ын хувийг таван хувь болгосоноос татварын бааз суурь нэмэгдэнэ.
Нэгж бүтээгдэхүүнд, тухайлбал талх бүтэхийн тулд яаж НӨАТ төлдөг вэ. Үр тарианы компаниуд шатахууны үнийг 10 хувийн НӨАТ төлж авдаг. Тариагаа ургуулчихаад гурилын үйлдвэрт 10 хувийн НӨАТ нэмээд өгдөг. Гурилын үйлдвэр гурилаа үйлдвэрчихээд 10 хувийн НӨАТ нэмээд талхны компанид өгдөг. Талхны компани талхаа үйлдвэрлэчихээд 10 хувийн НӨАТ-ыг нэмж, дэлгүүрт өгдөг. Дэлгүүр дахиад жирийн иргэнд талхаа зарахдаа 10 хувийг нэмж өгдөг. Үйлдвэрлэлийн шат болгонд авч байгаа НӨАТ бол хамгийн багадаа 300-400 төгрөгийн нэмэгдэл бий болгож байгаа гэсэн эдийн засгийн үндэслэл гарсан байгаа хэмээн мэдээлэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ