Б.Түмэнжаргал: Цэцэрлэг тарсны дараа тоглоомуудыг угааж, цэвэрлэж байгаа

img

Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэгүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж ажиллаж буйг сурважлахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн бус өмчийн “Энх бүүвэй” цэцэрлэгийг зорилоо. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цэцэрлэгийн гадна талбайд аав ээжийгээ хөтөлж, жижигхэн биедээ таарсан цүнх үүрэн зогсох хүүхдүүд, цэцэрлэгтээ орохгүй хэмээн нүүрээ үрчийлгэн, том том нулимс унагах хүүхдүүд угтав. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа учраас  шинэ орчиндоо дасахын тулд, аав ээжээсээ холдохыг хүсэхгүй цэцэрлэгийн хаалгаар орох төдий л аав ээжийгээ санан уйлна.

 

Шинэ төрлийн халдварт өвчнөөс сэргийлж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгийн гадна талбайд багшид хүлээлгэж өгнө. Энэ жил хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаагүй учраас гурваас таван настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байгаа.

 

Бага бүлгийн хүүхдүүдийн хувьд аав ээжээсээ хол байж өдрийг өнгөрүүлэх нь том даваа. Аав ээж нь тэднийг цэцэрлэгт нь оруулахын өмнө чихэр, жимс авч өгсөн байгаа нь харагдана. Өнгө өнгийн үсний боолтоор үсээ боолгож, гоё хувцсаа өмсөөд тэд ирсэн байв. Багш нар нь гарч ирэн тэднийг авах ба ээлж дарааллан тэд уйлна. Харин бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн хувьд тбиеэ аль хэдийн даасан бололтой, аав, ээж рүүгээ гараа даллан инээмсэглэн орно.

 

Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Б.Түмэнжаргалаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.

 

-Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа шүү дээ хүүхдүүд цэцэрлэгтээ ороод уйлах нь хэр байгаа вэ?

 

-Хүүхэд цэцэрлэгтээ дасахын тулд дор хаяж 14 хоног болдог. Бэлтгэл бүлгийн хувьд хүүхдүүд уйлах нь бага.

 

-Анги дотор хүүхдүүдийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа вэ?

 

-Хүүхэд бүр анги танхимдаа орохын өмнө халуунаа үзүүлж, гараа ариутгаж ордог. Хичээл дууссаны дараа анги танхимыг халдвараас сэргийлж ариутгал хийж, мөн тоглоомуудыг угааж цэвэрлэдэг. Хүүхдүүдийг гаднаас тоглоом авчирч ирсэн тохиолдолд тоглоомыг анги руу оруулахгүй.

 

-Нэг ангид хэчнээн хүүхэд хичээллэж байгаа вэ?


Манай ангийн хувьд 18 хүүхэдтэй байгаа. Бусад бүлэг мөн адил 10-15 хүүхэдтэйгээр хичээллэж байна. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн хөтөлбөр явагдаж байгаа.

 

-Эцэг эхчүүд хичээл тарах болон эхлэх үеэр бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

 

-Эцэг эхчүүдийг цэцэрлэгийн анги танхим руу оруулахгүй. Цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ хүлээж авч, өгч байгаа.

 

Хэдхэн миниут болох төдий л олон хүүхдүүдийн уйлалдах дуу, орилж шуугилдах чимээ хэцүү санагдана. Харин багшийн хувьд бүтэн өдөржин энэ чимээг шуугианд байж, хүүхдүүдэд хичээл зааж чаддагт нь биширмээр.

 

Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх эцэг эхээс хүүхдээ цэцэрлэгт явуулаагүй удсан учраас сэтгэгдлийг сонсоход “Халдварт өвчин гараад удаагүй байгаа болохоор хүүхэддээ санаа бага зэрэг зовж байгаа ч гэсэн есөн сарын нэгний өмнөх орой хүү маань бөөн баяр хөөр болчихсон, догдолж байхыг хараад  би ч бас давхар баярласан. Хүү  маань цэцэрлэгт явахыг тэсэн ядан хүлээсэн нь илт байсан” гэж байлаа.

 

Б.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ