Энэрэл “хэтэрсэн” эх хэл минь


Аливаа дархлаа нь дасан зохицох чадвар, сөрөн эсэргүүцэх чадвар гэсэн хоёр зүйлээр тодорхойлогдоно. Эх хэлний хувьд, сөрөн эсэргүүцэх чадвар нь гол чанар байх ёстой. Тодорхой ахуй орчинд л ийм чанар улам боловсорч, төгөлдөржинө. Эх хэлний дархлаа суларлаа гэж ярилцаад байгаа нь уг үндсэндээ чухам ахуй нөхцөл алдагдсан гэсэн үг.
Эх хэлний нийгмийн ахуй орчныг бүрдүүлэх гол зохицуулалт нь төрийн бодлогоор илэрч байдаг. Төр засаг бодлого боловсруулдаг боловч хэрэгжүүлэх механизм тодорхой биш учраас бодлого нь тунхаг шинжтэй болоод байна. Өнөөдөр гадаадын соёл иргэншлийн давалгаа нийгэмд чөлөөтэй нэвтэрч, идээшиж байна. Үүнд чиглэсэн сөрөг бодлого, үйлдэл алга.
Чухам ийм байдлын улмаас эх хэлний үнэлэмж, үнэт зүйл улам бүр алдагдаж байна. Энэ байдлыг зөвхөн ярихаас биш, эрдэмтэд ил далд уршиг дагаврыг нь яг нарийн судалж тодорхойлоогүй байна. Дунд сургуулийн эх хэлний хичээлийн цаг улам цөөрч байна. Нийгмийн энэ байдал гэр бүлийн орчин харилцаанд ч тусч байна. Эцэг эхүүд хүүхдээ аль болох гадаад хэл, соёлын боловсрол, мэдлэг олгохыг илүүд үзэж байна. Энэ бүхэн нийлээд эх хэлний дархлааг сулруулахаар барахгүй, мөхөөх аюулд ч хүргэж болзошгүй” гэж бодон гудамжаар алхаж явлаа.
Миний явах замд нэг хүүхэд сууж гуйлга гуйж байгаа нь харагдлаа. Би гайхсангүй. Хүмүүс тэр хүүхдийг анзаарч байгаа шинж алга. Мөнгө өгч байгаа хүн ч алга. Би дэргэд нь ирээд алхаа удаашран зогсосхийтэл хүүхэд над руу харцаа өргөлөө. Би “Миний дүү сайн уу. Эгчид нь даанч мөнгө алга. Байсан бол чамд өгмөөр л байна” гэтэл, хүүхэд “Зүгээр ээ эгч ээ, надтай ер нь хүмүүс ярьдаггүй. Ашгүй та надтай ярилаа, бас инээлээ. Би хүмүүстэй ярьмаар, бас инээмээр санагддаг аа” гэлээ. Би бичих эсээнийхээ агуулга зохиомжийг бодож явсан маань агшин зуур сарниж, юу ч хэлж чадсангүй, надад байсан цорын ганц зүйл буюу энэрэл хайраа л харцаараа өгчихөөд цааш алхлаа.
Энэ хүүхэд орох оронгүй, харьцах хүнгүй, хайр энэрэл гэгч түүнд холын хол зүйл болжээ. Эх хэл маань ч яг ийм байдалтай болж байгаа биш үү. Нийгэмд, гэр бүлд эх хэлний орчин хумигдсаар байна. Эх хэл маань энэ хүүхэд шиг ганцаардаж байна. Гудамжаар өнгөрөх бүх хүн энэ хүүхдийн цаад байдлыг мэдэж, мэдэрч байгаа хэрнээ хэн нь ч анхаарал халамж тавихгүй байгаагаараа эх хэлний маань байдалтай адил байна. Бүгд л бодитой анхаарал халамж тавихгүй байгаагаа мэддэг ч бүх юм янзаараа.
“Эх хэл маань өөртэйгээ харьцах хүнийг энэ хүүхэд шиг хүсэн эгээрэх юм биш биз? Энэ хүүхэд шиг орших ахуй орчингүй болчих юм биш биз? Гудамжинд шоовдор, ганцаар суугаа энэ хүүхдэд хайр, энэрэл дутаж байна. Эх хэлэнд маань ч хайр, энэрэл дутаж байна” гэж би бодлоо.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ