Л.Наранбаатар МАН-д элсэв

"Гложекс Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал, уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнэ ээ" гэж бичжээ.
Л.Наранбаатар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Учир нь:
1."Зөв хүн электорат" эвслийн 2020.5.16-ны өдрийн 7 дугаар тогтоолоор УИХ сонгуулийн 19 дүгээр тойрогт,
2."Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслийн 2020.5.16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор УИХ сонгуулийн 22 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.", 33.1.6-д "нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана" гэж тус тус хуульчилсан болно" гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ