Н.Цогбадрах: Мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн

img

 

ЭМЯ-ны өнөөдрийн хуралд ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

 

“Есдүгээр сарын 14-ны байдлаар есөн аймгийн 12 сум, хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс Ховд аймагт гурав, Завхан, Говь-Алтай тус бүр  нэг. Нийтдээ таван тохиолдолд онош батлагдаж, тарваган тахлын булчирхайн болон уушгины хэлбэрээр хүндэрсэн гурван хүн нас барсан. Мөн есдүгээр сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сорьцыг ЗӨСҮТ-д авчирч шинжлэхэд онош үгүйсгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд бүх сорьцыг ЗӨСҮТ- рүү тээвэрлэж байсан бол ЭМЯ-наас хөрөнгө зардал гаргаж  лабораторийн үйлчилгээг анхан шатны нэгж дээр илүү чадавхжуулах  арга хэмжээ авч байгаагийн үр дүнд 12-нд Токиогийн нислэгээр оношлуурууд ирсэн. Өнөөдрөөс аймгуудад хуваарилж байгаа. Ингэснээр орон нутгаас сорьц тээвэрлэх асуудал багасна.

 

Долоо хоногийн Пүрэв гараг бүрд тарваган тахлын өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал сэдвээр сургалт тогтмол хийж байна. Одоогийн байдлаар 14 аймгийн нийт  580 гаруй эмч мэргэжилтэн, 103-ын яаралтай түргэн тусламжийн 70 гаруй эмч, мэргэжилтэн гээд 600 хүнийг хамруулсан байна Мөн коронавирусийн халдварын эцсийн халдваргүйтгэлийн сургалтыг явуулж байна.

 

2020 онд нийслэлийн хэмжээнд 91 удаагийн  дуудлагад үйлчилсэн. Үүний 29 хувь нь иргэдээс, 71 хувь нь цагдаагийн байгууллага болон нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн дуудлага байна.  Дуудлагын 40 гаруй хувь тарваганы дуудлага. Энэ жил мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад тарваган тахлын эрсдэлд өртөж байгаа тохиолдол нэмэгдэж байгаа.

 

Иймд иргэд та бүхэн тарвагатай харьцахгүй, агнахгүй,  махыг нь хүнсэнд хэрэглэхгүй байх, түүхий эд махыг нь хэрэглэхгүй байх бүхийг л арга замуудаар сэргийлэхээс гадна өөрийгөө болон бусдыг хайрлаж, анхаарах хэрэгтэй. Тарвага агнаснаар мөндөлийг ээж, аавгүй болгож, өвлийн хүйтэн цаг болж байхад хэцүү байдалд оруулж байгаа. Коронавирусийн халдвар байгальтай буруу харьцсанаас эргээд хариу авч  байгаа гэдгийг  анхаарч эрсдэлээс сэргийлмээр байна” гэв.

 

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ