Б.Лхагважав: Аль ч цаг үед Танхим бодлого төлөвлөгөө, зорилгоо биелүүлэн ажиллаж ирсэн

img
Гэрэл зургийг MPA.mn

 

МҮХАҮТ-ын 60 жилийн ойг тохиолдуулан 2014-2019 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагважавтай ярилцлаа. Бизнес эрхлэгчдийн нэгдмэл эрх ашиг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт татах чиглэлд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим түүчээлэн оролцож ирсэн билээ.

 

-Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд шилжсэн түүхийг агуулсан Танхимын нэгэн жарны ой тохиож байна. Та МҮХАҮТ гэдэг айлтай хэзээнээс холбогдсон бэ?

 

-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт МҮХАҮТ-ын 60 жилийн ойн халуун мэндийг хүргэе. Танхим бол Монголын шинэ үеийн бизнесийн ертөнц. 1990 онд Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, санхүүгийн эрх чөлөөтэй болж, иргэд хувьдаа өмчтэй болсон. Үүнийгээ дагаад чөлөөт зах зээлийн гол тоглогч хувийн хэвшилтэй болсон. Танхим 1995 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсанаас хойш чөлөөт зах зээл дээр ялангуяа төртэй эн тэнцүү харилцах, төрдөө зөвлөх, туслах, хамтран ажиллах, хямрал, хүнд цаг үеийг хамтдаа туулж ирсэн. Зарим үед зөвшилцөж, заримдаа сөргөлдөж, бизнесийг өмгөөлөх, хөл дээр нь босгох ийм түүхийг бичиж ирсэн байгууллага. Миний бие 1990-ээд оны анхны бизнесменүүдийн нэг. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай Европын таван улсад айлчлал хийх үед би анх Танхимтай холбогдож байлаа.

 

Чөлөөт зах зээл гэдэг чөлөөгүй замбараагүй гэсэн үг биш. Тодорхой хэмжээний хуулийг мөрддөг, тэр хууль, дүрмийг төр, засаг нь гаргаж өгдөг, энэ нь бизнес, аж ахуй эрхэлж буй хүндээ эерэг нөлөөлж, иргэдийн амьдралын тулгуур болж өгдөг ийм л систем. Харин яг энэ тогтолцоо Монголд байна уу, үгүй юу гэдэг дээр асуудал үүсч байсан. 1990 оны хямралын үед татвар маш өндөр байсан. 1992-1996 он, 1996-2006 он хүртэл бизнес эрхлэгчид 40-45 хувийн татвар төлж ирсэн. Ийм дарамттай байх үед бизнесийн салбарынхан Танхимын дарга С.Дэмбэрэлд байнга асуудал тавьж 4R-ын бодлогыг хэрэгжүүлж, тухайн үедээ татварын хувь хэмжээг эрс багасгаж байсан юм. Энэ бол 2006 оны үйл явц л даа. 2007 оны Татварын өршөөлийн хууль батлагдан гарсан. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт хүний эрх, чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах заалтыг амьдралд хэрэгжүүлэх энэ санааг бусад хуульд шингээж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх асуудал дээр би Танхимтай 2000-2014 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл хамтран ажиллаж байлаа. Ингээд 2014 оны 12  дугаар сарын 15-нд Танхимын ээлжит 19 дүгээр Их хурлын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.

 

-Таныг ажлаа авахад улс орны эдийн засаг сайнгүй байсан. Бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг сэргээх чиглэлээр таны эхлүүлсэн анхны ажлууд юу байсан бэ?

 

-2014 онд эдийн засаг маш хүнд байсан. Тэр үед бидний анхаарал Танхим яаж бизнесийн хамт олон, 170-аад мянган аж ахуйн нэгж, зах зээл ажиллаж байгаа нэг сая гаруй хүнээ орлоготой, орлого, санхүүжилтийг нь багасгахгүйгээр, ажлын байрыг нь хадгалж авч явах вэ гэдэг дээр л төвлөрч байсан. Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдтэй уулзаж эдийн засгийн эрх чөлөөг маш хурдан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. 2015 оны нэгдүгээр сард  Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан ч тухайн үед батлагдаж чадаагүй. Гэхдээ 2015 оны 8 дугаар сарын 17-нд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж батлагдсан.

 

Эдийн засгийн нөхцөл байдал татварын системийн өөрчлөлтийг хийхгүй л бол сайжрахгүй хэмжээнд хүрсэн байсан. Эдийн засгийн 17 хувийн өсөлт гэнэт хасах руу унавал, нэг салбар нь унахаар нөгөө нь дагаад унах үйл явц өрнөж, үр дүнд нь жижиг, дунд үйлдвэрүүд хохирдог учраас Татварын багц хуулийг батлуулах ажлыг бас эхлүүлсэн байсан. Ингээд 2015 оны долдугаар сард бид НӨАТ-ын хууль, нягтлан бодох бүртгэл, Аудитын хуулиудыг батлуулж байв. Татварын гурван багц хуулийн ерөнхий төслийг хэлэлцэхээр болгоод тухайн үеийн УИХ-ын бүрэн эрх дуусч байлаа. Үүний дараа сонгуулийн үр дүнгээр бий болсон шинэ Засгийн газар, УИХ-тай үргэлжлүүлэн ажиллаж 2019 оны гуравдугаар сард Татварын багц хуулиудыг батлуулж байлаа. Татварын багц хууль бол бизнестэй харьцаж байгаа бидний Төртэй харьцаж буй хамгийн чухал зэвсэг шүү дээ. Энэ хууль нь энгийн иргэнлэг, маш хялбаршуулсан байсан. Өнөөдөр Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн хүнд байдал муугаар мэдрэгдэхгүй байна гэдэг үүнээс өмнө системийн өөрчлөлтийг хийчихсэн, хөрсийг нь сайн тавьчихсан байна гэсэн үг юм.

 

НӨАТ-ын систем, татварын систем, ОУВС-тай нилээн идэвхтэй хамтран ажиллаж зарим үед татвар төлөхгүй гэж хүртэл акц хийж байж ОУВС-тай хэлэлцээрт орж, долоон төрлийн татварыг нэмэх байсныг багасгасан. Энэ бол Төр, Танхим хоёрын хамтын ажиллагааны үр дүн юм. Танхим С.Дэмбэрэл даргын үед удирдлагын нэг системтэй байсан бол 2014-2019 оны гуравдугаар сар хүртэл шинэ системээр ажилласан. Энэ нь Ерөнхийлөгч бодлогоо барьдаг, гүйцэтгэх засаглал нь тусдаа үйл ажиллагаа явуулж, гэрээний дагуу ажиллах болсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд институциэ бэхжүүлэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, чанарыг дээшлүүлэх, ялангуяа олон улсын стандартыг хангахад Танхимын гүйцэтгэлийн баг маш сайн ажилласан. Дэлхийн хэмжээний стандартыг бид хоёрхон  жилийн хугацаанд авч хэвшүүлсэн. Танхимын XX дугаар Их хурал гэхэд бид эдийн засгийн зургаан хувийн өсөлттэй, ISO стандарттай, 120 гаруй ажилтан албан хаагчтай, дэлхийн танхимуудын дунджаас дээгүүр байранд үзүүлэлттэй, ийм үр дүнд хүрсэн байсан.

 

-Танхимын ирээдүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

-Олон улсын Танхимуудын өссөн, хөгжсөн, мөхсөн бүх үйл явц тухайн цаг үетэйгээ маш сайн тохирч ажиллах ёстойг харуулдаг. Танхим өнөөдөр 60 жилийнхээ ойг нэртэй, төртэй бахархалтайгаар хийж чадаж байна гэдэг бол социалист системд ч, чөлөөт зах зээлийн үед ч маш хурдан менежментээ өөрчилж, өөрийн бодлого төлөвлөгөө, зорилгоо биелүүлэн ажиллаж байсныг харуулж буй хэрэг. Ковид-19 цар тахлын дараа улс орны төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг тэр чигтээ өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад санхүүжилт, худалдааны процесс өөр хэлбэрт шилжиж байгааг Танхим анзаарч, тэр тал руугаа манлайлж оролцох хэрэгтэй гэж бодож байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ