Хятад, Энэтхэг командлалын хэлэлцээ хийв

img

Хятад, Энэтхэгийн цэргийн албан тушаалтнууд командлалын түвшинд зургаа дахь шатны хэлэлцээ хийсэн талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжууллаа. 

 

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хэлэлцээ Чушул-Молдо хилийн боомт дээр болсон байна. Талууд Хятад, Энэтхэгийн хил дээр байх хяналтын шугмын дагуух нөхцөл байдлыг тогтворжуулахтай холбоотойгоор санал солилцжээ. 

 

Мөн хоёр орны төрийн тэргүүнүүдийн хүрсэн харилцан ойлголцлыг баримтлан, газар дээрх холбоо харилцааг бэхжүүлж, үл ойлголцлоос зайлсхийн, хилийн шугам руу цэрэг оруулахаа зогсоон, газар дээр нөхцөл байдлыг дангаар өөрчлөхөөс түтгэлзэх, нөхцөл байдлыг хүндрүүлж мэдэх аливаа арга хэмжээ авахаас зайлсхийхээр тохиролцсон байна. 

 

Түүнчлэн ойрын үед хил орчмын бүс нутагт энх тайван байдлыг хамтран дэмжих үүднээс ойрын үед командлалын түвшний долоо дахь шатыг явуулахаар тохиролцжээ.

 

Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сараас Хятадтай хиллэх хилийг орлодог Ладакх дахь хяналтын шугам дээр Энэтхэгийн явган цэргийн батальонуудыг байршуулсан талаар Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байв. Энэ нь Хятад болон Энэтхэгийн хилчдийн хооронд сөргөлдөөн гарсны дараа болсон гэх бөгөөд үүний дараа Энэтхэгийн цэргийн алба хаагчдыг баривчилж, дараа нь сулласан гэсэн мэдээлэл гарч байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр хоёр орны цэргийн алба хаагчид зодоон үүсгэсний дараа болсон гэнэ. Талууд тухайн үед хилийн мөргөлдөөний талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй, харин хэвлэлүүдийн мэдээлснээр, тухайн үед Энэтхэгийн арми шаардлагатай газруудад цэргийн хүчээ богино хугацаанд байршуулах боломжийг олгох, Депсанг, Галван хөндий рүү хүрэх 255 км урттай зам барьж эхэлсэн нь Хятадын дургүйцлийг хүргэсэн байж болзошгүй гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ