"Дөрөв дээр дөрвийг нэмээд найм шүү дээ, тав биш..."

Өнгөрсөн өвөл цар тахлаас үүдэн карантийлж сургууль цэцэрлэгийн ажлыг зогсоох шийдвэр гарсан. Сургуулийн насныхан тэр дундаа нэгдүгээр ангийн сурагчдад цар тахлын горыг илүү амссан биз. Тэд эрдэм номд шамдан, үсэг, тоогоо дутуухан үзэж байтал хичээл нь хаагдсан. Иймд өнгөрсөн намрын нэгдүгээр ангийн сурагчид энэ намар хоёрдугаар ангид дэвшсэн тэдний хичээлийн хөтөлбөр, хоцрогдол, гэр бүлийнхний анхаарах асуудлын талаар удаах сурвалжилгаараа бэлтгэлээ.
Улсын ууган Монгол гуравдугаар сургуулиас сурвалжилгаа бэлтгэлээ. Сургуулийн хашаагаар ороход “сургуулийн эргүүл” гурван хүн байх аж. Дотогш орвол халуун шалгаж, маск зүүсэн хүнийг нэвтрүүлж байлаа. Ийн шалгуулаад бага ангийн сургалтын менежерээс зөвшөөрөл аван 2б анги руу оров.
“Дөрөв дээр дөрвийг нэмээд найм шүү дээ, тав биш чи нэмээд тоол доо” гэж багш хэлнэ. Сурагчид амны хаалт, баруун гартаа тодруулах шар ханцуй зүүсэн байв. Ангийн хананд эгшиг үсэг, тоо өлгөжээ.
“Ямар өгүүлбэр зохиох юм бол гэж бодоод толгой эргэдэг”
Багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгэж буй хүүхдүүд бодсон бодлогоо нэг нэгээрээ босон шалгуулна. Тэдний дэвтэр рүү сэм өнгийвөл их багийг тэмдэг, баганан бичлэг үзсэн бололтой. Хүүхэд бүрийн дэвтэрт ижил бодлого байх. Харин миний харсан хэдэн хүүхдүүдийн дэвтэрт 10 бодлогоос зоолттой гурвыг алдсан байлаа.
Арван жилд байхад сахилгагүйтэн тоглож чимээ ихтэй байсан даа гэж бодон эл ангитай харьцуулбал тэд чимээ гаргадаггүйн дээр гаднаас хүн орж ирлээ гэж сатаарахгүй дор бүрнээ бодлогоо бодох аж. Хамгийн хойно очоод ойрхон сууж байсан Бүжинлхам охиноос асуулт асуулаа.
-Хичээл нь ямар байна ойлгомжтой, сонирхолтой байна уу?
-Хичээлдээ яваад гоё байна. Удаан гэртээ байлаа. Би хичээлээ ойлгож байгаа л даа, гэхдээ Монгол хэл дээр өгүүлбэр зохиогоорой гэхээр ямар өгүүлбэр зохиох юм бол гэж бодоод толгой эргэдэг.
-Хичээлдээ яваагүй удсан болохоор хичээл хийхэд ядарч байна уу?
-Хичээл дээрээ суугаад ядардаггүй. Харин гэртээ очоод даалгавраа хийгээд байж байхад аав ээж маань хоёр дүүгээ унтуулаарай, ороо засчих, нэг юм аваад ирээрэй гэхээр л ядардаг. Тэгээд заримдаа хичээлээ хийж чаддаггүй. Заримдаа намайг тоодоггүй.
-Гэрийнхэн нь ойлгохгүй хичээлээ асуухаар тусалдаг уу?
-Би ганцаараа хичээлээ хийчхээд дуусвал дэвтэр номоо цүнхэндээ хийчихдэг. Миний гэрийн даалгаварт тусалдаггүй. Харин би аав, ээждээ бүх юманд нь тусалдаг.
“Хүүхдүүд маань программд тавигдсан хичээлийн хөтөлбөрөө гүйцэхгүй байгаа юм”
Ийн ярилцах зуур хичээл завсарлаж сурагчид босон, цуваа болж нэг нэгээрээ гараа ариутгалаа. Завсарлагааны цагийн цөөн хоромд анги удирдсан багш Б.Мартаас сурагчдын сурлагын түвшин болон хичээлийн хөтөлбөрийн талаар лавласан юм.
-Цаг болгон хүүхдүүд гараа ариутгадаг юм уу?
-Тийм ээ. Нэг цагийн хичээл ороод завсарлах бүртээ гараа ариутгана. Бас амны хаалтаа тогтмол зүүдэг юм.
-Танай ангийн сурагчдын хоцрогдол хэр байна, өнгөрсөн жил үсгээ бүрэн үзсэн байсан уу?
-Өнгөрсөн өвөл 12 дугаар сард амраад хичээл цуглах үеэр карантилсан. Дөнгөж үсгээ үзэж дуусаж байсан учраас Монгол хэлний хувьд чээж бичиг бичиж чадахгүй байгаа. Карантинаас зуны амралт үргэлжилсэн учраас эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгээгүй нь харагдлаа. Тиймээс нэгдүгээр ангийн сүүлийн бүх хичээлийг шахаж үзэх хэрэгтэй болсон. Үүний дараагаар хоёрдугаар ангийн хичээл үзнэ. Хүүхдүүд маань программд тавигдсан хичээлийн хөтөлбөрөө гүйцэхгүй байгаа юм.
Тоо, монгол хэлний хичээлийн түвшин тааруу байгаа. Хүүхдүүдийнхээ хичээлийг нь хийлгэж буй ар гэрийнхэн хариуцлагатай байх чухал. Өглөө хичээлд нь авч ирээд өдөр авдаг. Дийлэнх нь багшид даатгах хандлагатай. Энэ хандлагаас салах хэрэгтэй байна. Таны хүүхдийн суурь тавигдах гэж байгаа шүү дээ. Жаахан анхаарчих. Анги дээр хийсэн хичээл болгоноо гэртээ очоод давт гэж давхар даалгаврыг багш өгдөг. Гэтэл хүүхдүүд зөвхөн шалгадаг даалгаврыг нь хийгээд давтаарай гэсэн даалгаврыг тэр болгон хийдэггүй. Давтаж гэртээ мэдлэгээ бататгахгүй бол түвшин нь ахихгүй.
-Теле хичээлээр хүүхдүүд нэгдүгээр ангид авах ёстой мэдлэгээ авч чадсан байна уу?
-Хавар теле хичээл үзээд хүүхдүүд ойлгоогүй гэж хэлж болохгүй. Өөрсдийнхөө түвшний хэмжээгээр тодорхой хэмжээнд ойлгосон. Аав ээж нь тулж ажиллаад хичээлийг нь хийлгэсэн хүүхдүүдийн ойлгоц илүү байна. Хүүхдүүд шалтгаан гаргаж ирээд теле хичээлээ үзээгүй тохиолдол олон. Манай ангийн багш биш, би ойлгохгүй байна, ийм хичээл заадаггүй гэдэг. Энэ болгон нь ар гэртэй нь холбоотой. Зөвхөн багшаас гадна гэр бүлийнхэн нь тухайн хүүхдийг сурахад нь түлхэц болох чухал.
-Нэгдүгээр ангийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн зааж байгаа юу? Эсвэл
-Нэг, хоёрдугаар ангийн программыг хамт шахаж үзэж байгаа.
-Хичээлийн цагаа уртасгаж, давтлага өгч байна уу?
-10 дугаар сарыг эхэлтэл хичээлийг нь гүйцэд судлуулахын тулд зөвхөн математик, Монгол хэлний хичээлээр дагнаж байгаа. Туслах хичээл болох хүн орчин, дуу хөгжим, биеийн тамир зэрэг хичээлүүд орохгүй хичээлийн таван цагт энэ хоёр хичээлээр л дагнана.
-Өдөрт таван цаг хичээл хийхэд сурагчдад анхаарал төвлөрөхөөс эхлээд асуудлууд гардаг байх. Энэ үед хичээлийн хоцрогдлоо арилган сурахад гэрийнхэн нь ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?
-Ядаж хичээлийн хэрэгслээр нь бүрэн хангаж, ном сурах бичгээр хангах, дор хаяж хичээлийг нь давтуулдаггүй юм гэхэд гэрийн даалгаврыг нь хийлгээд явуулах хэрэгтэй. Хүүхдүүд хичээл дээрээ үзсэн мэдлэгээ гэртээ бататгаж, даалгавраа цаг тухайд нь хийвэл хичээлээс хоцрогдох, сурах сонирхолгүй болох зэргийн хүндрэл үүсэхгүй гэж ярилаа.
Зөвхөн хоёрдугаар анги гэлтгүй бага сургуульд сурдаг хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгавраас гадна хичээлийг нь давтуулбал суурь мэдлэгийн түвшин тавигдаж, цаашид амжилттай суралцах, ирээдүйн мундаг боловсон хүчинг бэлдэж буй юм.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ