О.Мөнгөншагай: Нийслэлд халамжийн төсөв биш хөрөнгө оруулалтын төсөв хэрэгтэй

img

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч О.Мөнгөншагайтай ярилцлаа.

-Та Сүхбаатар дүүргийн унаган иргэн үү? Эндээс яриагаа эхэлье.

-Тийм ээ, би унаган иргэн. Би одоо 40 настай. Миний 40 жилийн амьдрал энэ дүүрэгтэй холбоотой. 1979 онд Сүхбаатар дүүргийн 1-р төрх газарт төрсөн. Багадаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн. Дараа нь Сүхбаатарын нэрэмжит 2-р арван жилд сурсан. Манай гэр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 25 дугаар байранд байсан. Би 23 нас хүртлээ тэр байранд амьдарсан. Оюутан боллоо. Сүхбаатар дүүргийн 6-р хороонд манай гэрийн хажууд байдаг МУИС-ийн Хуульзүйн дээд сургуульд суралцсан. Ахин нэг шинэ зам гарсан нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль байлаа. Энэ сургууль ч Сүхбаатар дүүрэгт бий. Ажилд орохдоо Төрийн ордон дахиад Гадаад харилцааны яам, буцаад Төрийн ордон. Манай компанийн оффис Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байсан. Иргэдийн төлөөлөгчөөр ч Сүхбаатар дүүрэгтээ л ажилласан. Одоо манай гэр Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байна. Ерөөсөө л миний ажил, амьдрал Сүхбаатар дүүргийн нэг километрийн радиус дотор өрнөсөн. 

-Тун сонирхолтой юм. Ижий, аавын нутаг хаана вэ. Тэднийхээ тухай дурсахгүй юу?

-Ээж, аав минь Сүхбаатар аймгийн гаралтай хүмүүс.Манай аавыг Оросбаатар, ээжийг Тунгалаг гэдэг. Би нэг охин дүүтэй. Аав минь тогооч мэргэжилтэй хүн байсан. Ээж минь насаараа шүүхийн байгууллагад бичиг хэргийн ажилтнаар ажиллаад тэтгэвэртээ суусан хүн байгаа. Аав минь намайг хоёрдугаар ангид байхад 1989 онд автомашины ослоор 30 гаруйхан насандаа хорвоог орхисон доо. 

-Улстөр хүнээс олон чанар нэхдэг. Тэр хэрээр нэр дэвшигчдийн суурь хүмүүжлийг иргэд чухалчлах болсон. Та багадаа ямар хүүхэд байв?

-Би 1997 онд арван жилийн сургуулиа төгсөөд их сургуульд ороогүй.  Хонхны баяраа тэмдэглээд л маргааш нь ажилд орчихсон. Ээж минь шүүийн байгууллагад 40 гаран жил ажилласан учраас би тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд нэг жил зарлага хийсэн. Бичиг цаас хүргэдэг гэсэн үг. Нэг жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туслах ажилтнаар ажиллаж байгаад элсэлтийн шалгалт өгч их, сургуульд элсэж байлаа. Тухайн үед сургалтын төлбөр хүрэлцэхгүй байсан учраас ажил хийх шаардлага тулгарсан хэрэг. Тэгэхээр багаасаа амьдралын төлөө зүтгэлтэй хүүхэд байсан гэх үү дээ. 

-Таныг төрийн хүн гэдгээр нь мэднэ. Харин хувь хүн талаас нь сайн танихгүй.  Энэ талаас нь өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Оросбаатарын Мөнгөншагай гэдэг. Би 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн 2-р арван жилийн сургуулийг төгсөөд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг  эрхзүйч мэргэжлээр төгссөн. Мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэгтэй төгссөн. Одоогоор ӨМӨЗО-ны Хөххотын их сургуульд докторантаар суралцаж байна. Боловсрол гэвэл ийм байна. Ажил амьдралын тухайд сургуулиа төгсөөд УИХ-ын Тамгын газарт ажилласан. Дараа нь Гадаад харилцааны яаманд буцаад УИХ-ын Тамгын газарт ажиллалаа. 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Энэ хугацаанд найзтайгаа хамтран компани байгуулан дөрвөн жил захирлаар нь ажилласан. Манай компани хүнд даацын автомашинуудын дугуйг импортоор оруулж ирж нийлүүлдэг байсан. 2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод хоёр  жил гаруйн хугацаанд Авто худалдааны цогцолбор гэх нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газрын даргаар ажилласан. Сүүлийн жил гаруйн хугацаанд Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч буюу Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаад явж байна. Гэр бүлийн тухайд эхнэр хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байна даа. 

 

-Өмнө нь та Сүхбаатар дүүргийн 11,12,13 дугаар хорооноос нэр дэвшсэн. Өнөө жилийн сонгуульд тойргоо сольсон шалтгааныг сонгогчид сонирхоод байх шиг?

-Би өмнө нь Сүхбаатар дүүргийн 11,12, 13 дугаар хороо, гэр хорооллын тойрогт нэр дэвшиж сонгогдсон. Энэ тойргоос яагаад орон сууцны хороолол руу шилжсэн бэ гэж асууж байх шиг байна. 2016 оны нийслэлийн сонгууль тухайн үеийн хуулиараа УИХ-тайгаа цуг, жижиг мажоратор системээр явагддаг байсан. Өөрөөр хэлбэл гурван хороон дээр нэр дэвшээд сонгогдож байсан. Сүхбаатар дүүрэг маань зургаан тойрог, зургаан мандаттай байсан учраас зургаан хүн нэр дэвшиж байсан. Харин 2020 оны сонгуулийн тухай хуулиар өөрчлөлт орж тойрог томссон. Улмаар томсгосон мажоратор буюу Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Нэгээс аравдугаар хороо нэг тойрог, 11-20 дугаар хороо нэг тойрог болсон. Тэгээд зургаан мандаттай тойрог дөрөв болж дөрвөн хүн нэр дэвшихээр болсон. Тэгэхээр би 11,12,13 дугаар хороонд өмнө нь нэр дэвшиж байсан бол сонгуулийн хуулиараа энэ жил тойрог шахагдсан. Түүнээс надад дөрвөн жил тойрогтоо ажиллаагүй, хэлсэн амласандаа хүрээгүй зүйл огт байхгүй. Би хэлсэн, амалснаа 100 хувь биелүүлсэн. Тийм учраас  би тойрогтоо нүүр бардам очиж чаддаг. Манай сонгогчид миний юу хэлснийг мэднэ. Гэхдээ энэ бол нэг л дүүрэг учраас аль тойргоос дэвших нь надад чухал биш. 

-Та төр, хувийн хэвшлийг хослуулан ажиллажээ. Энэ салбаруудын хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг та сайн мэдэх нь ээ?

 

-Хувийн хэвшилд ажиллаж, аж ахуй эрхэлж байлаа. Тиймээс бизнес эрхлэгчдэд тулгамддаг зовлонг мэднэ. Хэцүү шүү дээ. Төрийн алба ч гэлтгүй бизнес эрхэлж байгаа хүмүүс байнга царайчилсан, гуйсан байдлаар ажилладаг. Тэр дундаа барилгын салбарт цаг хугацаатай том бүтээн байгуулалт өрнөдөг учраас эргэлтийн хөрөнгө үргэлж зээлээр явагддаг. Гэтэл манай  улс цаг уурын хувьд эрс тэс, барилгын ажил гүйцэтгэх улирал богинохон. Энэ цаг  хугацаанд амжуулж ажлаа явуулахын тулд зөвшөөрлөө авах гэж цаг хугацааг бардаг. Гэтэл банкны хүү хэзээ ч сонсохгүй, амралтын өдөрт явж л байдаг. Үүнээс болоод маш олон барилгын компани хохирч байдаг. Би Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч хүний хувьд ажилтнууддаа нэг л зүйлийг захьдаг. Тэр нь юмыг цаг хугацаанд нь хий. Бүү хойшлуул. Үүнээс болж олон компани хохирч байгаа. Хүнд суртал гаргалгүй дэмжиж ажил гэдэг шаардлагыг өдөр болгон тавьдаг. Надад ямар ч бичиг ирсэн би тэр дор нь шийддэг. Удаадаг, дардаг асуудал байхгүй. Би гадуур ажилтай байсан тохиолдолд миний ширээн дээр удлаа гэхэд нэг бичиг нэг л хонодог. Би өөрөө хувийн хэвшилд ажиллаж байсан, компани удирдаж байсан хүний хувьд зовлонг нь маш сайн ойлгодог. Цаашдаа ч манай төрийн алба хүнд сурталгүй, иргэдийнхээ төлөө ажилладаг байх ёстой. . Үүнийг манай намын мөрийн хөтөлбөрт заасан байгаа. Төр бол үйлчилгээний байгууллага. Тиймээс олон шат дамжлагыг халах ёстой. 

-Танил, найз нөхдөөс гуйлт ирнэ биз. Үүнд та ямар зарчим баримтладаг вэ? 

-Маш их. Тухайлбал "Буянт-Ухаа II" орон сууцны сонгон шалгаруулалт явагдахад маш олон хүн надад хандсан. Би наадхыг чинь шийддэггүй юм. Ном журмынхаа дагуу маш олон хяналттайгаар явагдаж байгаа. Тиймээс ямар ч боломж байхгүй, зарчмын хувьд ч болохгүй гэдгийг бүгдэд нь хэлсэн. Хүн л юм хойно найз нөхөдтэй байж таарна. Нам, журмын нөхөд, ах дүү, хамаатан садан гээд олон хүмүүс орж ирнэ. Тэд болохгүй болохоор л гуйж орж ирж байгаа. Болох байсан бол надаар яах вэ дээ. Тийм учраас болохыг нь болгоод, болохгүйг нь "уучлаарай" гээд арга замыг нь зааж өгөөд гаргадаг. Ойлгоод л буцдаг. Учиргүй сайн хүн болоод бүтээгээд өгчихвөл өөрөө хэрэгт орчих гээд байдаг. Утсаа авахгүй, зугтаад байхаар дарга болчихсон, их зантай гэж буруутгана. Тиймээс аль болох хуулийн хүрээнд зааж зөвлөөд л явдаг даа. Түүнээс найз нөхдөдөө давуу байдал үүсгэж, хууль зөрчсөн удаа надад байхгүй. Эргээд энэ нь хэн хэндээ халгаатай шүү дээ.

-Талбайн усан оргилуур анх маш их шүүмжлэл дагуулсан. Харин одоо хандлага өөрчлөгдөж байна. Ногоон байгууламжид анхаарч ажилласан тань эндээс харагддаг. Энэ бүтээн байгуулалтын талаар та юу хэлэх вэ?

-Өчнөөн яригдсан асуудал л даа. Ганцхан жишээ хэлэхэд Сүхбаатарын талбайн усан оргилуур барьсан 2 га газрыг Худалдаа хөгжлийн банк авсан нь үнэн. Аваад барьцаанд тавьчихсан байсан нь үнэн. Үүнийг манай хамт олон зогсоосон, цуцалсан. Би өөрөө гарч ирээд авто зогсоолыг нь хаагаад ТҮЦ-ийг нь нүүлгэсэн. Өөр бусдыг нь хүмүүс мэдэж байгаа. Улаанбаатар хотын цэцэрлэгжилт, мод тарилт, ногоон байгууламжыг анзаарч хараарай. Үнэхээр өөрчлөгдсөн. Хотын дарга Гантөмөр маш их сэтгэл гаргаж байгаа. Тусгайлан баяр хүргэмээр байна. Гэхдээ хүмүүс тэр бүр анзаардаггүй юм байна. Би ч анзаардаггүй байсан. Яаж анзаарсан бэ гэхээр би өөрийн зуслангийн жижигхэн газартаа есөн төрлийн 16 ширхэг мод тарилаа. Өөрөө модоо тариад ургуулаад тордоод байсан чинь мод тарих, ургуулах сонирхолтой болдог юм байна. Зуслангаасаа хотод орж ирээд харахад үнэхээр ногоон байгууламжид анхаарч ажилласан нь харагддаг. 

-Хотын захиргаа нүүнэ, нүүхгүй гээд яриад л байна. Энэ ажлын явц аль шатанд явна вэ? Ер нь нүүх, нүүхгүйн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хотын захиргааг нүүлгэнэ гэдэг асуудал олон жилийн өмнөөс яригдсан. Зорилго нь төвлөрлийг л сааруулах гээд байгаа юм. МАН 2016 онд засаг аваад Яармагт хотын захиргааг барьчихлаа. Гэхдээ бүрэн дуусаагүй байна. Одоогоор зөвхөн тамгын газар, хурлын байр бэлэн болсон. Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ашиглалтад ороогүй байгаа. Тийшээ нүүх ёстой юу гэвэл би хувьдаа нүүх ёстой гэж бодож байна. Хотын төвөөс нүүхээр түгжрэл Яармагт очно гэж шүүмжлэл ч бий. Гэхдээ төрийн үйлчилгээ цахимжиж байгаа. Тийм учраас заавал иргэн хотын захиргааг зорих шаардлагагүй. Хороон дээр бүх үйлчилгээ очиж байгаа. Тухайн хороондоо очоод хурууны хээгээ өгөөд гадаад паспортоо сунгуулахаас эхлээд бүх бичиг цаасны ажлыг хорооноосоо авч болно. Тэгэхээр Яармаг руу гүйх шаардлагагүй болж байна л гэсэн үг. Ирэх жилүүдэд төрийн үйлчилгээг 100 хувь та хороон дээрээсээ авна. Шинжилгээ өгөх гээд улсын цөөн эмнэлэг рүү ирж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Нарийн мэргэлжийн мэс засал, шинжилгээ, хорт хавдрын урьдчилан сэргийлэх эмчилгээ гээд бүх үйлчилгээ дүүргийн эмнэлэгт төвлөрнө. 

-Нийслэлийн төсөл хариуцсан орлогчоос асуухад нийслэлийн төсөв хүрэлцээтэй юу? 

-Нийслэл Улаанбаатар хотод хэрэгтэй, хэрэггүй, ашиггүй ажилладаг нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газрууд байна. Ашиггүй хэр нь нийслэлээс урсгал зардлаа авдаг байгууллагууд. Энийг ашигтай ажилладаг болгох ёстой. Үндсэндээ өмнөх жилүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн төсөв бүрддэг. Энэ мөнгөөр юу ч хийж чадахгүй шүү дээ. Өнгөрсөн жил ОУВС-аас мөнгө авчихсан, хориг тогтоочихсон. Тэр хүрээндээ нийслэл концесс нэмж чадахаа больчихсон. Өнгөрсөн дөрвөн жил ажилласан нийслэлийн удирдлагууд өмнөх концессын өрийг дарсаар байгаад л хугацаа дууслаа. Энийг өөрчлөхийн тулд хууль эрхзүйн орчныг өөрчилж байгаа юм. Одоо нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль зэргийг өөрчлөөд УИХ-д өргөн барьчихаад байна. Өөрчлөх ёстой. Нийслэлд орж ирсэн мөнгийг нийслэлийн иргэдэд л зарцуулдаг баймаар байна шүү дээ. Түүнээс өөр газарт татаас өгмөөргүй байгаа юм. Тэгэхээр халамжийн төсөв биш хөрөнгө оруулалтын төсөв болгох ёстой гэсэн байр суурьтай байна. 

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ? 

-Залуу байхдаа, арван жилийн сургуульд байхдаа сагс, хөлбөмбөг тоглоод л гүйж явдаг байлаа. Түүнээс тухайлан спортоор хичээллэсэнгүй. Фитнесст явахсан гэж бодно. Явах гээд үзнэ. Өдөржин ажилтай учраас жаахан ядраад фитнессдээ түүртээд таслаад байдаг юм. Өнгөрсөн жил хатуу шийдвэр гаргаад явах гэтэл хөлөө хугалаад явж чадаагүй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ