Б.Болд: Шивээхүрэн боомт цайны цаггүй ажиллах болсноор ачаалал эрс нэмэгдсэн
2020-09-30

 

-Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн Шивээхүрэн боомтын дарга, дэд хурандаа Д.Болдтой ярилцлаа.-

 

-Таны амрыг эрье. Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг танилцуулж өгөөч?

 

-Та бүхний амрыг эрье. Миний бие Шивээхүрэн боомт буюу 0324 дүгээр салбарын захирагчаар таван жил ажиллаж байна. Тус боомт нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 1992 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байгаад 2009 оны нэгдүгээр сарын 10-нд байнгын үйл ажиллагаанд шилжсэн, хоёр талын шинжтэй. Бүс нутгийн эдийн засгийн ач холбогдолтой стратегийн томоохон боомт юм. Нүүрс тээврийн экспорт 98 хувийг, үлдсэн хоёр хувь нь зорчигч, бусад бараа тээвэр эзэлдэг. Голлон уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг.

 

-Цар тахал дэгдэсний улмаас 2020 онд хилийн боомтууд тодорхой хязгаарлалтын горимд шилжин ажилласан шүү дээ?

 

-Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын хилийг энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хаасан. Хилийн цаана үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, зорчиж явсан монгол иргэдийг улмаар татан авч ажилласныг та бүхэн мэднэ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн онцгой нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх журмын дагуу хилийг нээн ажиллуулсан. Одоогоор улсын онцгой комиссын зөвшөөрөлтэйгөөр нүүрс тээврийн хэрэгслийг тусгай горимоор нэвтрүүлэх журмын дагуу зөвшөөрөл авсан 42 компанийн 1100 гаруй тээврийн хэрэгсэл хилээр орж гарч байна.

 

 

-Шивээхүрэн хилийн боомт цайны цаггүй ажиллаж эхэлснээр албаны ачаалал ихсэж байгаа гэлээ. Хэзээнээс тус горимоор ажиллаж эхлэв?

 

-Хоёр улсын гадаад харилцааны яамны чиглэлээр онлайнаар хуралдаж уг шийдвэрийг гаргаад нэг сар болоогүй байна. 12.00-14.00 цагийн хооронд цайны цаг байсныг хоёр талын хамтын хэлэлцээрээр цайны цаггүйгээр ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр өдөртөө 750-850 орчим тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрч байна.

 

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад улсын хилээр нэвтрүүлсэн зорчигч, тээврийн хөдөлгөөн буурсан үзүүлэлттэй байгаа байх?

 

-Тийм. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зорчигч 53.3, нүүрс тээврийн хэрэгсэл 63.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

 

-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн тонн нүүрс экпортлоод байна вэ?

 

-Одоогийн байдлаар 5.2 сая тонн нүүрс экспортлосон. Дөрвөн уурхайгаас 42 тээврийн компани уул уурхайн бүтээгдэхүүн экпортлон үйл ажиллагаа явуулж байна.

 

-Хилийн боомтын орох чиглэлд багагүй дараалал үүссэн харагдлаа. Ер нь ачаалал ямар байгаа бол?

 

-Ердийн үетэй харьцуулахад ачаалал буурсан. Нүүрсний зах зээл дээр үнэ унасан, Хятад дотоод тал руугаа татан авалт муу байгаагаас Сэхэ боомтод нүүрс буулгах талбайгүй болсны улмаас жолооч нар нэгээс хоёр хоног хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор гарах чиглэлийн ачаалал багагүй нэмэгдсэн. Нүүрс тээврийн жолооч нарыг наймдугаар сарын 24-ний өдрөөс Хятадын талд хонуулахыг зөвшөөрсөн. Ингэснээр зарим үед жолооч нар хил дээр хоёр хонож байгаа тохиолдол бий. Харин жолооч нарын хувьд аль болох Хятадын талд хонохгүй хилээр орж, гарах сонирхолтой байдаг.

 

-Цайны цаггүй ажиллах болсноор нүүрс тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх эерэг талтай ч шалгах бүрэлдэхүүний ачаалал нэмэгдэх байх?

 

-Жирийн үед нэг талдаа 450-550 орчим тээврийн хэрэгсэл хилээр гарч, ордог байсан. Хамгийн гол нь Хятадын талын татан авалтаас шалтгаалдаг. Шалгах бүрэлдэхүүнийг ээлжийн системд оруулсан. Аль болох амралт ачааллыг тэнцүүлэн ажиллаж байна. Говь цөлийн бүсэд дулааны улиралд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэх нь тун хүндрэлтэй байсан. Гэхдээ хилчид ямар ч нөхцөлд горим дэглэмийг сахиулах, үүргээ биелүүлэх ёстой. БНХАУ-ын талд коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсээр байгаа нь биднийг хянуур ажиллахыг шаардаж байна.

 

-Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа хилчин шалгагч нарын ажиллах орчин нөхцөл хангагдсан уу?

 

-Хилчид онцгой нөхцөл байдлын үед тэргүүн шугамд үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Хилийн боомтод улаан, шар, ногоон бүсийг тогтоон боомтод мөрдөх журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Суурьшлын бүс нь шар ангилалд багтах бөгөөд нийт 20 гаруй км үргэлжилнэ. Энэ хооронд хаалт хийж суурьшлын бүсэд эмх цэгц тогтоон ажиллаж байна. Улаан бүсэд хилийн хяналтын гурван байгууллага хамтран ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас хорио цээрийн дэглэмийн үед тогтоосон зөвлөмжийн дагуу бүхий л ариутгал халдваргүйтгэлийг хийж, урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

 

 

-Жолооч нар тусгаарлагдаж байгаа хэвээр биз дээ?

 

-Ээлжийн амралт болон ар гэрийн гачигдлаар явах, ээлжийн жолооч солигдох зэрэгт 14 хоног тусгаарлагдан хорио цээрийн дэглэм сахиж байгаа. Тээврийн хэрэгслийн жолооч нарын халууныг үзэхийн зэрэгцээ хамгаалалтын хувцас, хэрэгсэл ашиглаж байна. Хятадын талд жолооч нар машинаасаа буухгүй байгаа. Хэрвээ Хятадын талд хүлээлт үүсвэл тусгаарлалтын байранд байрлан хонодог.

 

-Хилийн 0324 дүгээр салбарын хамт олон энэ онд юу хийж бүтээхээр зорьсон бэ?

 

-Олон ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал, болзошгүй, давагдашгүй хүчин зүйлээс үүдэж ажлууд саатсан тал бий. Өвөлжилтийн бэлтгэл болон аж ахуйн ажлууд ид хийгдэж байна.

 

-Ажиллах хүчний нөхөн хангалт хүрэлцээтэй юу?

 

-Нөхөн хангалтаар ахлагч нар томилогдон ирсэн. Ажилчдын байрны хүрэлцээ тааруу учраас шийдвэрлэх арга хэмжээг ангийн удирдлагын түвшинд судлаж, төлөвлөн ажиллаж байгаа.

 

-Хорио цээрийн дэглэмийн үед хичээнгүйлэн ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.

 

-Баярлалаа. Тэргүүн эгнээнд бодит нөхцөл байдалтай тулж харьцаж байгаа нь хилчин шалгагч нар. Ялангуяа хилчид хилийн боомтод сэрэмж өндөр ажиллах ёстой. Тиймээс хорио цээрийн үед хаа хаанаа дэглэмээ баримталья гэж хэлмээр байна. Аливаа эрсдэл хаалга цохиод орж ирэхгүй. Өвчний тархалтын үед улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журам гэж гарсан. Тус журмыг баримтлан багагүй ч ажил хийгдсэн. Боомтод ажиллах хил хяналтын байгууллагын ажиллах дараалал өөрчлөгдсөн. Гурван ариутгалын байрыг шинээр хийж, найман гарцны түвшинг өндөрлөсөн. Жолооч нар бууж шалгуулдаг байсныг тээврийн хэрэгсэл дотроосоо шууд харьцах түвшинд болгон өөрчилсөн гээд дурдвал чамгүй ажил бий.

Б.Алтанцэцэг

Shuud.mn
Сонин хачин
жолоич:
1паспорт 65штамб дарагддад 4н сар чүү л явдагдаа болдог юмөө
2020-10-03
irgen:
odor bolgon orj garahdaa tamgaluulsaar baigaad pasport ni hurdan dyyrdeg baihdaa....oor arga bodoj oljor um baina daa
2020-09-30
жолоич:
1паспорт 65штамб дарагддад 4н сар чүү л явдагдаа болдог юмөө