Беларусийн эсэргүүцэл: Лукашенко хоригоос мултрав
2020-10-02

Беларусьт наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр 26 дахь жилдээ төр барьж буй Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулж, харин сөрөг хүчнийг төлөөлсөн Светлана Тихановская ердөө 10 орчим хувийн санал авсан нь тус улсын иргэдийн бухимдлыг төрүүлж, энэ дүнг эсэргүүцсэн ажиллагаа өнөө хэр зохион байгуулагдсаар байна. 

 

Хоёр сар орчмын хугацаанд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг барууны орнууд дэмжин, улиран сонгогдсон Александр Лукашенког "хууль ёсны ерөнхийлөгч" гэж үзэхгүй талаараа Европын орнууд хэдэнтээ мэдэгдэн, тус улсын сонгуулийн луйвартай холбоотой этгээдүүдэд хориг арга хэмжээ тавихаар төлөвлөж байсан юм. 

 

Улмаар, 10 дугаар сарын хоёрны өдрөөс эхлэн Беларусийн албаны 40 этгээдийн эсрэг хориг тавихаар болсон бөгөөд эдгээр этгээдүүдийг "сонгууль луйвардсан, хүний эрх зөрчсөн" гэж үзэж байгаа тул ийнхүү тэдний эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Брюссель хотноо болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн дүнгээр мэдэгдсэн байна.

 

"Бид наймдугаар сард ярилцаж байсан хориг арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэхээр боллоо. Улмаар маргааш /shuud.mn: 10 дугаар сарын хоёрны баасан гариг/ 40 нэрээс бүрдсэн хар жагсаалтыг бичгээр үйлдэнэ" хэмээн Шарль Мишель мэдэгджээ.

 

Гэхдээ түүний өгүүлснээр, сонгуулийн "будлианы гол эзэн" Александр Лукашенко одоогоор энэ жагсаалтад багтаагүй байгаа гэнэ. Чухам ямар шалтгаанаар түүний нэр хоригт багтах хүмүүсийн нэрсийн жагсаалтад ороогүй талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

 

Сарын дотор 60 сэтгүүлч баривчлагджээ

Эсэргүүцэл дэгдсэнээс хойш олныг хамарсан жагсаал цуглааны үеэр оролцогчдыг олноор нь баривчилж байгаа талаарх мэдээлэл Беларусиас өдөр бүр ирж байлаа. Тэр дундаа олон нийт, дэлхий дахинд үнэн бодит байдлыг мэдээлэхээр ажил үүргээ гүйцэтгэж явсан хэвлэлийн ажилтнуудыг баривчилсан талаарх мэдээлэл ч багагүй гарч байв. 

 

Зөвхөн есдүгээр сард гэхэд л үйл явдлыг мэдээлж байсан 60 сэтгүүлчийг баривчилсан байна. Энэ талаар 10 дугаар сарын нэгний өдөр "Беларусийн сэтгүүлчдийн холбоо" мэдэгджээ. Холбооны мэдэгдсэнээр,  10 дугаар сарын нэгний өдрийн байдлаар 10 сэтгүүлч баривчлагдан саатуулагдсан хэвээр байгаа гэнэ. 

 

Харин энэ онд Беларусьт сэтгүүлчдийн эсрэг дарамт шахалт үзүүлсэн тохиолдол 344 бүртгэгдсэн байна. Беларусийн сэтгүүлчдийн холбооны онцолсноор, эсэргүүцлийн ажиллагааг дамжуулж байх үед сэтгүүлчдийг байнга саатуулж, торгуулийн шийтгэл оноож, "ПРЕССА" гэсэн бичигтэй хантааз, ажлын үнэмлэх зэрэг шаардлагатай бичиг баримттай явж байсан ч олон удаа баривчилсан байна.

 

Беларусийн Эрүүгийн хуулинд "Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулвал торгууль ноогдуулах эсвэл тодорхой албан тушаал хаших эрхийг хасах эсвэл гурав хүртэлх жилээр хорих ял оноох" гэсэн заалт байдаг ч Беларусийн Мөрдөн шалгах хороо сэтгүүлчдийг олноор нь баривчлан саатуулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа Лукашенко 80 гаруй хувийн санал авч, харин сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская 10 хувийн санал авсныг эсэргүүцэн иргэд жагсаж эхэлсэн. Улмаар эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн эхний өдрүүдэд иргэдийг хүч хэрэглэн тараах, баривчлах ажиллагаа явагдаж байлаа. Гэсэн ч беларусьчууд зогсолгүй, хоёр сар орчмын хугацаанд шударга бус сонгуулийг цуцлан, дахин сонгууль явуулах, өнөөгийн эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэхийг шаардан тэмцсээр байсан. 

 

Энэ эсэргүүцлийг барууны орнууд ихээр дэмжин, Беларусийн эрх баригчдад хандан тайван замаар асуудлыг шийдэхийг уриалж байсан ч есдүгээр сарын 23-ны өдөр Беларусийн нийслэл Минск хотноо Александр Лукашенко нууцаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо хийж, Ерөнхийлөгчийн албаа хууль ёсоор үргэлжлүүлж байгаа юм. 

 

Беларусийн эсэргүүцэл: Лукашенко "нууцаар" тангараг өргөж, жагсаал үргэлжлэв

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин