ШУУД: ФАТФ зөвлөмжөө хэрхэн хэрэгжүүлсэнтэй танилцаж байна

Хуулийн төслийг буцаах төслийг хэлэлцэж байна
09:10 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим хууль, тогтоолын төслийг хууль санаачлагачдад буцаах тухай төслийг хэлэлцэж байна. Өмнөх парламентын үед өргөн барьсан УИХ-аар хэлэлцэн баталж амжаагүй 90 гаруй хууль тогтоолын төслийг буцаах талаар уг төсөлд тусгажээ. Шинэ парламентад зарим гишүүд дахин сонгогдоогүй. Тиймээс дахин сонгогдоогүй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг буцаахаар шийдвэрлэсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Энэ хуулийн төсөлд төр, засгийн тэтгэлгээр сурсан оюутнуудын асуудал багтсан байгаа. Суралцаад төгсөөд, төлбөрөө төлөөгүйгээс дипломоо авч чадаагүй хүмүүс байгаа. Тэднийг асуудлыг буцаах нь ямар вэ?
Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Энэ удаад нийт УИХ-аар хэлэлцэж байгаа 90 хуулийн төсөл байсан. УИХ-ын холбогдох байнгын хороод, Засгийн газрын саналыг авсан. Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зарцуулах эргэн төлөх нөхцөлтэй зээлийг татаж авч, эргэж харах саналыг Засгийн газар гаргасан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Энэ өдрүүдэд ФАТФ-ын зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэнтэй газар дээр нь танилцаж байгаа. Гэтэл Ашгийн төлөө бус хуулийн төслийг буцаахаар болжээ. Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэхээр яригдаж байгаад мөн буцаахаар болжээ. Гэр бүлийн тухай хуулийг Хуульзүйн байнгын хороон дээр хэлэлцэнэ.
Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Хуулийн төслийг буцааж байгаа нь энэ дөрвөн жил хэлэлцэхгүй гэсэн үг биш. Дахин боловсруулж, өргөн барина гэсэн үг. Гэр бүлийн тухай хуулийн төслийг ХНХ-ын сайд байхдаа С.Чинзориг сайд оруулж ирсэн юм билээ. Тэр үед Хуульзүйн байнгын хороо өөр дээрээ татаж авсан байсан. Миний бодлоор Гэр бүлийн тухай хууль Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэх юм.
Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ