ШУУД: Хүүхдийн мөнгөний 1.9 их наяд төгрөг сум бүрт таван үйлдвэр барих мөнгө

Хүүхдийн мөнгө импортын бараа болдог
10:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Төв банкны инфляцийг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээ үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой хадгалагдав. 2006-2016 онд жилийн дунджаар 10 хувь буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцийг ийнхүү тогтворжуулснаар Төв банк инфляцийн зорилтыг бууруулах боломж бүрдсэн байна. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ Монголбанк ирээдүйд чиглэсэн, зах зээлийн зарчимд суурилсан, эрэлтийн гаралтай инфляцыг зохистой түвшинд хадгалах стратегийг баримтлах аж. Харин цаг агаарын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад болон дотоод тээвэр, ложистик зэргээс шалтгаалсан 1 удаагийн шинжтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтай, ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт тул түүнд хариу үйлдэл үзүүлэхгүй гэлээ. Макро зохистой бодлогыг Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлжээ. Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэхдээ мөнгөний бодлоготой оновчтой хослуулах, бодлогын шинжилгээний арга зүйг хөгжүүлэхэд олон улсын сайн туршлагаас Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системд нийцүүлэн нэвтрүүлэх зорилтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн Монголбанк олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэн Төв банкны ил тод байдал, хариуцлагатай байдлыг хангах, зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэхийг зорьж ажиллана гэлээ.
Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд: Нэгдүгээрт: Зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн бодлогын оновчтой хослол, эрх зүйн шинэчлэл, санхүүгийн байгууллагын үр ашиг, шуурхай цахим шилжилт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэрэг олон зорилт, арга хэмжээ нэгэн зэрэг хамтдаа хэрэгжих шаардлагатай юм байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцогч бүх талын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, холбоо нь нэн чухал үүрэгтэй гэв. Хоёрдугаарт: Санхүүгийн харилцагчийг зайнаас таньж мэдэх тухай эрх зүйн орчинг тодорхой болгохгүйгээр технологид суурилсан санхүүгийн цахим үйлчилгээг хэрэглэгчдэд хялбар хүргэх боломж ихээхэн хязгаарлагдмал учраас харилцагч санхүүгийн байгууллагад заавал биеэр очиж, бүртгүүлж, гэрээ байгуулахыг шаардаж буй одоогийн эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх болон харилцан мэдээлэл солилцох дэд бүтцийг хөгжүүлэхэд төрийн холбогдох байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа нэн чухал гэж тооцжээ. Гуравдугаарт: Чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлэх явц удаан хугацаанд үргэлжилдгээс барьцаа хөрөнгийн үнэ цэнэ алдагдахын зэрэгцээ түүнтэй холбоотой гарч буй зардал банкны зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлдэг тул зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд чанаргүй зээлийг шийдвэрлэх процессийг хурдасгахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход нягт хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэсэн.
Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл 2020 онд ковид-19 цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр экспорт, хөрөнгө оруулалт саарч, эдийн засаг агших, инфляцийн дарамт харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж. Харин сэргэх хугацааны хувьд олон улсад тодорхойгүй байгаа тул түүнээс улбаалан дотоод эдийн засгийн сэргэлтэд гадаад орчноос үзүүлэх дэмжлэг тодорхойгүй байгаа юм байна. Гэсэн хэдий ч төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн алдагдал нэгэн зэрэг нэмэгдэн эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, ирэх онуудад томоохон гадаад өрийн эргэн төлөлт хүлээгдэж буй нь эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч танилцуулгадаа дурсдан. Цаашид ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт гарч буй сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай гэв. Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хүүхийн мөнгө төсөв дээр ихээхэн дарамт үүсгэж байгаа. Хүүхдийн мөнгө хэрэглээ болдог. Импортын бараа болдог. 1.9 их наядаар 320 суманд тус бүр таван үйлдвэр барих мөнгө. Энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна. Сумын өрх бүр унадаг дугуйтай байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байгаа.
Хоёрдугаарт, ипотекийн зээлийг бууруулна гээд байна. Хэдий хэмжээний барилгын материал оруулж ирэх вэ гэдгээ тооцоогүйгээс гурван тэрбум доллараа угааж байна. Монголбанк үүнд анхааралтай хандаж хэлэлэхгүй бол улстөржөөд байна. 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгоно гэж байна. Энэ чинь зүгээр импортын хэрэглээ болоод байна.Харин хүүхдийн мөнгийг ядуу, хэрэгцээтэй хэсэгт нь өгмөөр байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Төвбанкны мөнгөний бодлого аядуу хэлбэрээр явж байгаа. Энэ онд Монгол Улсын импорт 11 хувиар буурсан. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт нийт импортын 28 хувь болдог. Эдийн засгаа дэмжих үүднээс хүүхдийн мөнгө олгож байгаа. Өрхийн орлого буураагүй, хэрэглээ сайн байгаа гэдэг статистик нь дарамтыг зөөлрүүлж байгаа гэж харж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Ипотекийн зээл мөлжлөгийн тогтолцоо болсон. Үндсэн мөнгө нь төлөгдөхгүй хүү нь төлөгдөөд байдаг. Энэ тал дээр Монголбанк анхаарах хэрэгтэй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ