Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз
2020-10-06

Киргиз дахин үймэв. Гэхдээ гурав дахь хувьсгалын босгон дээр байгаа эсэхийг хараахан тааварлах боломжгүй. Хорин жилийн хугацаанд Киргиз хоёр ч хувьсгалыг туулсан юм.

2005 оны "Алтан зул цэцгийн хувьсгал"

2005 он. "Алтан зул цэцгийн хувьсгал" гарч Киргизийн засаг солигдож байв. Үйл явдлыг эргэн сөхвөл, 2005 оны хоёрдугаар сарын 13 болон гуравдугаар сарын 13-ны өдөр Киргизд Парламентын сонгуулийн хоёр шат болж өнгөрсөн юм. Үүнээс өмнө сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал өрнөж, сөрөг хүчний хөдөлгөөний тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулж буй парламентын хоёр танхимын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг товлохын тулд парламентын бүрэн эрхийг дахин нэг жилээр сунгахыг шаардаж байлаа. 

 

Улмаар сонгуулиар тухайн үеийн засгийн газрыг баримтлагч болон хөндлөнгийн депутатууд 90 хүртэлх хувийг эзлэн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Сонгуулийн эхний шатанд Киргизийн Ерөнхийлөгч Аскар Акаевын хүү Айдар 70 хувийн санал авсан бол Ерөнхийлөгчийн том охин Бермет хоёр дахь шатанд 50 гаруй хувийн санал авч, сөрөг хүчний сэтгүүлч Болотбек Мариповыг ардаа орхиж байв. 

 

Киргизийн сөрөг хүчний намуудын ихэнхээс бүрдсэн Ард түмний нэгдлийн хяналтын зөвлөлийг тэргүүлж байсан Киргизийн сөрөг хүчний лидерүүдийн нэг, ерөнхий сайд асан Курманбек Бакиев Жалал-Абад умжид ялагдал хүлээсэн байна.

 

Ингээд ялагдсан нэр дэвшигчдийг дэмжигчид, сөрөг хүчний төлөөлөгчид сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн юм. Улмаар жагсаал хүрээгээ тэлж, цагдаагийнхан, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах болж, эсэргүүцлийн арга хэмжээ удалгүй Киргиз даяар өрнөсөн. Үүнийг барууны ажиглагчид болон сэтгүүлчид "Алтан зул цэцгийн хувьсгал" хэмээн нэрлэх болсон юм.

 

2005 оны гуравдугаар сарын 24. Сөрөг хүчнийг дэмжигч олон мянган хүн Киргизийн Засгийн газрын ордныг эзлэн авав. Энэ үеэр эрх баригчдын ихэнх төлөөлөгчид Засгийн газрын ордныг орхин гарч амжсан байжээ. 

 

2005.03.25. Энэ өдөр Бишкек хотод үймээн үүсгэгчид томоохон супермаркетуудыг тонож, олон дэлгүүрийг шатааж, мөн хотын төвд байх үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмджээ. Мөн энэ өдөр Киргизийн Парламентыг эзлэхээр 3000 орчим хүн талбай дээр цуглан, барилгын хаалгыг эвдэх үед парламентын гишүүд тэдний өөдөөс гарч ирэн энэ түрэмгийллийг зогсоож байв. Ингээд энэ өдөр Киргизийн нийслэлд хөл хорих цаг тогтоосон байна. Нөхцөл байдал хүндэрсэн тул цагдаагийнхан 15 дугаарт тушаал гардан авсан бөгөөд энэ нь эмх журам сахиулахын тулд гар буу ашиглах зөвшөөрөл юм.

 

Тухайн үед эмх замбараагүй байдлын улмаас 15 хүн амиа алдаж, 425 хүн гэмтэж бэртсэн гэсэн тоо гарч байжээ. Алтан зул цэцгийн хувьсгалын дүнд сөрөг хүчин шинэ парламент байгуулж, шинэ засаг Ерөнхийлөгч Акаевын "нэгдүгээр ерөнхийлөгч" гэсэн статусыг үгүй болгон "ерөнхийлөгч асан" гэсэн статусыг үлдээж, Асказ Акаев болон түүний гэр бүлийнхний эдлэж байсан бүхий л хөнгөлөлт, халдашгүй эрхийг үгүй болгосон хуулийн төслийг баталжээ. Мөн Акаевыг гэр бүлээрээ төр улс удирдсан, эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн хэмээн буруутгасан юм. Акаевын нэр хүнд эрс унах болсонд төрийн бүхий л байгууллагад нүүрлэсэн авлига хээл хахуулийн асуудал даамжирсан нь шууд нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг. 

 

2010 оны хувьсгал 

 

2010 оны эхнээс Киргизийн Засгийн газар бүхий л хөнгөлөлтийг цуцалж, цахилгаан эрчим хүч болон халаалтын үнийг бараг хоёр дахин нэмсэн бол халуун усны үнийг тав дахин нэмжээ. Улмаар энэ бүхнийг эсэргүүцсэн жагсаал 2010 оны хоёроос гуравдугаар сард орон даяар өрнөсөн юм. 

 

Сөрөг хүчнийхэн хотуудад бүс нутгийн чуулган явуулахаар төлөвлөсний хариуд эрх баригчид сөрөг хүчнийхэн болон чуулганыг зохион байгуулагчдыг олноор нь баривчлан саатуулж эхэлжээ. Энэ бүхэн нь иргэдийн дунд үймээн үүсэх шалтгаан болсон байна. 

 

Анхандаа жагсагчид гагцхүү нийгмийн асуудлыг хөндөн шаардлага тавьж байсан бол баривчилгааны дараагаар улс төрийн шаардлага тавих болж, Киргизийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байв. Энэ үеэр сөрөг хүчний тэргүүн , ерөнхий сайд асан Алмазбек Атамбаев болон сөрөг хүчний ихэнх тэргүүлэгчид баривчлагдаж байжээ.

 

Өмнөх хувьсгалын адилаар мөн л жагсагчид хууль сахиулагчдын хооронд хэдэнтээ мөргөлдөөн гарч, Засгийн газрын ордныг эзлэхээр жагсагчид төлөвлөсөн ч энэ удаад ордныг цэргийнхнээр хамгаалуулсан байв. Жагсагчдыг тараахаар гэрэлт дуут гранат хэрэглэж байсан ч иргэдийг энэ арга хэмжээ зогсоогоогүй гэдэг. 

 

Ингээд энэ хувьсгалын дүнд Киргизийн Засгийн газар огцорч, сөрөг хүчин шинэ засгийг байгуулан, Гадаад хэргийн сайд асан Роза Отунбаева Ерөнхий сайд болж байв. Мөн ийнхүү сөрөг хүчнийхэн ялалт байгуулснаар эсэргүүцлийн үеэр баривчлагдсан сөрөг хүчний төлөөлөгчдийн ихэнхийг суллаж байжээ. 

 

Үймээн, хувьсгалын үеэр нийслэлээс зугатсан Киргизийн Ерөнхийлөгч Курманбек Бакиев дөрөвдүгээр сарын 15-ны өдөр огцрох өргөдлөө гаргаж, маргааш өдөр нь Казахстанаар дамжин Беларусийг зорьжээ. Тавдугаар сарын 19-ний өдөр Роза Отунбаева  шилжилтийн үеийн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг авснаар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болон Төв Азийн орнуудын түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгч болж байв. 

Киргизд эргэлт гарч, Атамбаевыг суллав

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин