Сонсголгүй хүүхдүүд боловсролын “дампуу” бодлогын золиос биш

Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд шаардлага хүргүүлсэн. Тэдний шаардах бичиг нь Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг сонсголгүй хүүхдийн тусгай сургууль болох 29 дүгээр сургуулийн удирдлагын асуудлыг хөндсөн юм. Энэ удаагийн шаардлага нь тэдний хүргүүлээд байгаа зургаа дахь нь бөгөөд өмнөх алба хаагчид дорвитой арга авч өгдөггүй хэмээж байв.
БШУЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцахын тулд өөрсдөө хэлмэрчтэй байх ёстой. Гэвч сонсголгүй иргэд энэ удаагийн шаардлагаа хүргүүлэхдээ хэлмэрч авч очих шаардлагагүй гэж үзэн очжээ. Тэнд хэлмэрч байсангүй.
Сайдад бичиг хүргүүлэхээр очихдоо биеэр уулзана гэдгээ урьдчилж хэлсэн. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзаж, уг шаардлагын мөн чанар, асуудлын талаар ярилцахаар хүссэн боловч туслах нь тэдний хүргүүлэх шаардлагыг шалган нэвтрүүлэхийн гаднах үүднээсээ авч, хуульд заасны дагуух хугацаанд мэссэжээр хариу өгье гэж хэлээд орсон юм. Хэрэг болгон ирж, үгээ хэлж, шаардах хуудас маань ийм учиртай шүү гээд учирлаж тайлбарлахаар итгэл, горьдлого тээсэн тэд ийн үүдэнд нь бичиг хүргэсэн болоод буцав.
Шаардлагыг хүргүүлэхээр Монголын дохионы хэлний хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар, “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав, Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийн гүйцэтгэх захирал Т.Долгорсүрэн, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны тэргүүн А.Энхбаатар, гурван жилийн өмнөх 29 дүгээр сургуулийн эсэргүүцлийг зохион байгуулагчдын нэг Буян-Орших нар ирсэн байв.
Тэд захирамжид “Бидэнд өнөөдөр ганцхан гарц үлдлээ. Энэ бол мэргэжлийн, сонсголгүй захиралтай болох” гэсэн байв. Тэдний хүссэн зүйл нь сургалтын тоног төхөөрөмж, шинэ сургууль бус, сэтгэл гаргаж, уг бэрхшээлийг ойлгож хандах удирдлага юм.
“Удирдлага муу байгаагаас болж 29 дүгээр сургуульд аман яриагаар хичээл зааж байна. Сонсголгүй хүүхдүүдийн эх хэл нь дохионы хэл. Тэдний эрх ашгийг ойшоодоггүй. Энэ сургуульд сул сонсголтой хоёр багш бий. Тэр хоёр нь л дохиогоор хичээл заадаг. Бусад нь дохионы хэл муу учраас аман хэлээр хичээл заадаг. Хааяа дутуу дулимаг дохиж зангана. Иймээс энэ сургуулийн 12-р ангийн сурагчдын боловсролын түвшин нь ЕБС-ийн гуравдугаар ангийн хүүхдийн түвшинтэй тэнцдэг. Яг үнэндээ унших, бичих чадвар үнэхээр сул” гэж дохио нэгтэйгээр хэлж байлаа.
Сонсголгүй хүүхдийн 29-р сургууль байгуулагдаад, тэдний тэгш чанартай боловсрол эзэмших эрх зөрчигдөөд хагас зуун жил өнгөрч байна. Сонсголгүй хүүхдүүд сэтгэлгүй, өөрчлөлт хийдэггүй сургуулийн удирдлага, боловсролын дампуу бодлогын золиос болох ёсгүй гэдгээ ийн илэрхийлсээр байна.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ