Төсвийн хөрөнгөөр өөрсдийгөө сурталчилснаар сонгуулиас нэр татагдах үндэслэлтэй

img

 

НИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр тойргоос нэр дэвшигч О.Мөнгөншагай болон М.Халиунбат нар нь 2020 оны 10 дугаар сарын 4-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өгч байгаагаар өөрсдийгөө “рекламдсан”. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд оруулан өөрийн хууль бус үйлдлээ сурталчилсан нь иргэд сонгогчдын саналыг хууль бус аргаар татах гэсэн үйлдэл тул иргэн Х гомдол гаргажээ.

 

Дээрх нэр дэвшигчдийн энэхүү үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгууулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47 дугаар зүйлийн 1.1.1-т “Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж тус тус заасан хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаар заасан бөгөөд 16-д “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор”, 16.1-д “бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлсэн” бол сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчилд тооцохоор заажээ.

 

Нэр дэвшигч О.Мөнгөншагай болон М.Халиунбат нарын хууль зөрчсөн уг үйлдэл нь иргэд, сонгогчдын саналыг татах, өөртөө ашигтай давуу байдал бий болгож, сонгогчдын хараат бусаар чөлөөтэй сонгох эрхэд нөлөөлөх хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй аж. Төсвийн хөрөнгөөр болон хууль зөрчсөн хэлбэрүүдээр ингэж өөрсдийгөө сурталчилах нь холбогдох хуулийн заалтуудаар сонгуулиас нэр татах шалтгаан болдог.

Ж.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ