ФОТО: 650 мянган ам.долларын үнэтэй "ТАВАН ШАР"

НЗДТГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нийтийн тээврийн парк шинэчлэл"-ийн талаар тусгасан ба энэ ажлын хүрээнд том оврын 46 цахилгаан автобус, 200 хүүхдийн автобус шинээр үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн автобуснуудыг сургууль тус бүрт хүлээлгэн өгч байна. Нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобус хүлээлгэж өгөх арга хэмжээ ачигдөр /2020.10.13/ болсон.

Нийслэлээс өнгөрсөн онд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоёрдахь жилдээ үргэлжилж байна. Энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль “Сургуулийн автобус” үйлчилгээнд бүрэн хамрагдах юм байна. Энэ хүрээнд эхний ээлжинд орж ирсэн таван ширхэг сургуулийн автобусыг нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өгөв.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Энэ жилийн хувьд 130 гаруй боловсролын сургуульд 310 мянга гаруй хүүхэд сурч байгаа тоон мэдээлэл байна. Хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд энэ жил 75 автобус орж ирэхээс эхний ээлжийн 5 автобусыг хүлээлгэж өгөөд байна. Энэ төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирнэ. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг” гэв.
Хүүхдийн автобус нь 54 хүний суудалтай ба тус бүрийн үнэ 130 мянган ам.доллар аж. Энэхүү хүүхдийн автобусыг “Зорчигч тээвэр гурав” компани хариуцан ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ