Орон нутгийн үзэгчдэд соёлын үйлчилгээг ойртуулна

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, улсын филармони хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадмыг аравдугаар сарын 05-наас арваннэгдүгээр сарын 15 хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Энэ арга хэмжээний талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Хөгжмийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуугаас тодрууллаа.
-“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадмын онцлог юу байх вэ?
-Уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, бүтээл туурвилыг сурталчлах, хөгжмийн урын санг шинэ, шилдэг бүтээлээр баяжуулах, нийтийн хүртээл болгоход энэ наадмын зорилго оршино.
“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадмын хүрээнд олон уралдаан тэмцээн арга хэмжээ зохион байгуулагдана. Жил бүрийн эхний хагаст Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг “Морин хуур” наадам коронавирус цар тахалтай холбоотойгоор хойшилсон. Тиймээс “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадмын хүрээнд “Морин хуур” наадам 33 дахь жилдээ, “Алтан намар” дан хөгжмийн наадам 38 дахь жилдээ, “Хөгжмийн шүүмж судлалыг дэмжих үйл ажиллагаа, “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестиваль, “Миний дуртай хөгжмийн хичээл” сэдэвт уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадам улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Тиймээс орон нутагт аймгийн Боловсрол соёлын газраар дамжуулан зохион байгуулагдах юм. Өөрөөр хэлбэл, нийслэл, аймаг, сум зэрэг шат шатанд энэ арга хэмжээ болно гэсэн үг.
Уралдаануудаас шалгарсан шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа, нэгдсэн гала тоглолт Төв аймгийн “Монгол туургатан” театрт болно. Учир нь орон нутгийн үзэгчдэд соёлын үйлчилгээг ойртуулж хүргэж байгаа нэг хэлбэр юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ