Нийслэлд МАН ялалт байгуулж, АН "унав"


Аймаг, нийслэл, сум дүүргийн ИХТ-ыг сонгох сонгуулийн санал өчигдөр явагдсан. Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал аваад байна. Мөн дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1, Бие даагч 2 суудал тус тус авчээ. Нэг хэсгийн хороонд хоёр нэр дэвшигчийн саналын тоо ижил гарсан тул дахин санал хураалт явуулах юм байна. Дахин санал хураалтыг ажлын 10 хоногт багтаан явуулахаар хуульд заажээ.
Ийннхүү эрх баригч хүчин МАН нийслэлд үнэмлэхүй олонхиор ялалт байгууллаа. Харин сөрөг хүчин АН Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт олонхийн санал авчээ. Сөрөг хүчин АН энэ удаад МАХН, ШИНЭ намтай хамтран оролцсон ч орон нутгийн сонгуулиар олонхи болж чадсангүй, тэр дундаа нийслэлд дахин "өвдөг шороодлоо". "Ардчиллын төлөөх нэгдэл"-ээс улстөрчдийн хүүхдүүд нэр дэвшсэн. Тухайбал, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинхайрханд, Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч сонгогчдын олонхийн саналыг авч чадсангүй дахин уналаа.
Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан, санал тоолох машиныг хакердах талаар бичлэг зэрэг зөрчилтэй үйлдлүүдийг өрсөлдөгч хүчнүүд тухай бүр нийтэд мэдээлж, хуулийн байгууллагад хандаж байлаа.
Ямартай ч сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч хүчин нийслэлийг ирэх дөрвөн жилд удирдана. Тиймээс ирэх өдрүүдэд МАН нийслэлийн Засаг даргыг томилох дараагийн ажилдаа шуудрах юм.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ