Карабах: Эвлэрээд хоёрхон минутын дараа эвдрэлцэв

img

Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэр дээр дайтаж буй Азербайжан, Арменийг Орос дахин эвлэрүүлэх оролдлогыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ. 

 

Бямба гаригт буюу 10 дугаар сарын 17-ны өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Азербайжан болон Арменийн Гадаад хэргийн сайд нартай утсаар хэлэлцээ хийсний дүнд талууд 10 дугаар сарын 18-ны шөнө дундаас эхлэн эвлэрэхээр тохиролцсон юм.

 

Гэсэн ч гал зогсоох тохиролцоо урьдын адил үйлчилсэнгүй, ердөө хэдхэн минутын дараа дахин дайтаж, мөн л урьдын адил тохиролцоог зөрчсөнд харилцан нэгнээ буруутгасан байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, шөнө дунд болсноос хойш ердөө хоёрхон минутын дараа Арменийн цэргүүд Жебраил хот руу буудаж эхэлсэн байна. Арменийн Гадаад хэргийн яам өмнөд хэсэгт цэргийн гол ажиллагаа явагдаж байгааг баталсан ч үүний хариуцлагыг мөн л нөгөө талдаа үүрүүлсэн байна.

 

Гэхдээ хоёр талын мэдээлснээр, ням гаригийн өдөр суурин газрууд руу буудаагүй, намжмал байдалтай өнгөрсөн байна. Дайн эхлээд гурван долоо хоногийн хугацаанд Азербайжан фронтын өмнөд хэсэг рүү урагшилж, 26 жилийн өмнө арменичуудын хяналтад үлдсэн Жебраил, Гадрут, Физули гэсэн гурван төвийг эзлэжээ.

 

Уулын Карабах дахь хямрал

1988 он- Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхлэв.

1988 оны 07 дугаар сарын 12. Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ.

1988 оны 09 дүгээр сар. Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв.

1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхлэв.

1990 оны 01 дүгээр сарын 15. Холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоою.

1991 оны 04, 05дугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

1994 оны 05 дугаар сарын 05. Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ.

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм.

2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр 28 дахь удаагийн уулзалт Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Арменийн хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв.

2020 оны 07 дугаар сарын 12. Нөхцөл байдал дахин хурцдав. Мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны тал 11 цэргийн алба хаагчаа алдсан бол Арменийн талаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, 10 цэрэг шархадсан гэж мэдэгдэж байлаа.

2020 оны 09 дүгээр сарын 27. Ээлжит дайн эхлэв.

Карабахын дайн: "Эвдрэлцээд" 16 хоног, "эвлэрээд" 3 хоног...

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Badarch taxar:
Oligtoihon baildaj amjaagui baihad muusain teneg gahainuud dunguur ni honshooro shurguulbal al oros turk hoiorig al
2020-10-19