Карабах: АНУ Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцэнэ

Уулын Карабахын нутаг дэвсгэрийг хяналтдаа авахын төлөөх Армени, Азербайжаны тулаан үргэлжилсээр, талууд гал зогсоох хэлэлцээр хийсэн ч тохиролцоондоо хүрэлгүй буун дуу хадсаар байгаа юм. Энэ зуур олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын КарабахУлсын статусыг хүлээн зөвшөөрөх талаар улс орнууд бодолцож эхлэв.
Есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн Армени, Азербайжаны дайныг зогсоох гол нөхцөл нь Карабахын статусыг хүлээн зөвшөөрөх явдал, үүнээс цааш асуудлыг энхийн журмаар шийдвэрлэж болно гэж Арменийн тал удаа дараа мэдэгдэж байлаа. Харин Азербайжан алдсан нутаг дэвсгэрээ эргүүлэн авна гэдэг дээр хатуу зогсож байгаа юм.
Олон жил үргэлжилсэн сөргөлдөөн, энэ удаагийн хурцадмал байдал, гал намжаахын тулд дэлхийн улс орнууд Карабахын статусыг хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцэж эхэлсэн байна. Өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний мягмар гаригт Францын сенатч Уулын Карабахыг хүлээн зөвшөөрөх санал гаргасан юм.
Тодруулбал, Францын сенатч Валери Буайе Бүгд Найрамдах Уулын Карабах Улсыг хүлээн зөвшөөрөх тухай баримт бичгийг энэ долоо хоногт сенатад өргөн барихаар болсон байна. Түүний өгүүлснээр, Уулын Карабахыг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн нутаг дэвсгэр дээр гаргаж буй Турк, Азербайжаны үйлдлийг эрс шүүмжлэхийн тулд баримт бичгийг өргөн барих гэнэ. Мөн "Уулын Карабах дахь Азербайжаны довтолгоог эсэргүүцэх нь Европ даяар Туркийн исламыг дэлгэрүүлэхийн эсрэг зогсоно гэсэн үг" хэмээн онцолжээ.
Францын араас Америкт мөн ийм санал гарлаа. Вести агентлагийн мэдээлснээр Америкийн ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүн Грейс Наполитано Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимд өргөн барьжээ.
"Өмнө байгаа зам бол эрх чөлөөний зам, тиймээс Бүгд Найрамдах Арцах Улсын /shuud.mn: Уулын Карабахын армени нэршил/ тусгаар тогтнолыг Нэгдсэн Улс албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг би өнөөдөр албан ёсоор уриалж байна" хэмээн Наполитано бичжээ.
Бүгд Найрамдах Арцах Улс буюу Бүгд Найрамдах Уулын Карабах Улс нь өөрсдийгөө тунхагласан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын бүс нутагт орших орон юм. Тус улсын хүн амын дийлэнх нь арменичууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ.
Карабах: Талууд эвлэрэхэд бэлэн гэх ч хүмүүс амиа алдсаар байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ