БНСУ: Вакцин тариулсны дараа 13 хүн нас барсны шалтгааныг судалж байна

Өмнөд Солонгост улирлын томуугийн вакцин хийлгэснийхээ дараа 13 хүн нас барсан талаарх мэдээлэл түгэж, иргэдийн дунд вакцины аюулгүй байдалтай холбоотой эргэлзээ үүсч, улмаар эрх баригчид нь иргэдээ тайвшруулахаар хичээж байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, задлан шинжилгээ болон шинжилгээнээс харахад 13 хүн нас барсан нь вакцинтай холбоотой гэдгийг илтгэх шинж тэмдэг гараагүй гэж хүмүүс нас барсан шалтгааныг тодруулах ажлыг тэргүүлж буй анагаах ухааны профессор Ким Жун Кон мэдэгдсэн байна.
Гэсэн ч вакцинжуулалтын хөтөлбөрт итгэх иргэдийн итгэл хэдийнэ алдарсан бөгөөд Солонгосын эмч нарын холбоо болсон хэргийн нөхцөл байдлыг бүгдийг нь нарийвчлан тодруулж, аюулгүй байдлыг бүрэн хангах хүртэл вакцинжуулалтыг зогсоохыг уриалжээ.
Энэ намар Өмнөд Солонгосын 13 сая хүн томуугийн вакцин тариулсан байна. Үнэ төлбөргүй вакцинжуулалтын улсын хөтөлбөрийн хүрээнд нийт 19 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд коронавирусийн цар тахал дэгдсэн энэ үед энгийн ханиад томуунаас сэргийлэх нь онц ач холбогдолтой гэж эрх баригчид мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрын дарга Жон Ю Квонг парламент дээр үг хэлэхдээ вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлууд нь вакцинтай холбоотой гэх магадлал тун бага хэмээн онцолжээ. Зохих байгууллага, мэргэжилтнүүд хамтран шалгалтын ажлыг хийж байгаа бөгөөд нас барсан хүмүүст коронавирус байсан эсэхийг ч шалгаж байгаа аж.
Вакцин хийлгэсний дараа 5 хүн нас барсан нь иргэдэд эргэлзээ төрүүлжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ