Д.Сумъяабазар: Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно

НИТХ-ын Анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж хотын удирдлагуудыг сонгон, томилсон. НИТХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-аас ирүүлсэн саналын дагуу нийслэлийн удирдлагуудыг төлөөлөгчид дэмжлээ. Хотын парламентын даргаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг сонгосон бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томиллоо.

Ингэхдээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъябазар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа хуулийн дагуу чөлөөлөгдөж, нийслэлийн Засаг даргаар томилогдож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа хүлээн авахдаа “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотод өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараад хүлээж байгаа. Улаанбаатар хот бол эдийн засгийн 68 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь, нийт хүн амын 50 хувь байдаг учир энэ их айлын ажил тасралтгүй явагдах учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд нийслэл Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана. Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно” хэмээн онцолж байсан. Ийнхүү орон нутгийн сонгуулиар бүрдсэн НИТХ албан ёсоор бүрэн эрхээ баталгаажуулж, удирдлагуудаа томиллоо. Одоо мөрийн хөтөлбөрөө батлан, ажиллаж амласнаа хэрхэн биелүүлэхийг нийслэлчүүд харж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын товч намтраас:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
-
1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
-
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-
2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
-
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
-
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
-
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
-
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
-
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
-
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
-
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
-
2006 онд Монгол улсын аварга цол
-
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
-
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
-
Англи, Орос
СЭТГЭГДЭЛ БИЧИХ