Намайг ижийтэй минь уулзуулсан "Намрын үдшийн галерей"

Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь л намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашхирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байхдаа ... "Хурд" хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” дуу чихнээ эгшиглэнэ.
"Аргалд явсан ээжийгээ харуулдан суудаг борхон охин чинь том болжээ. Саалийн үнэртэй энгэрт нь наалдаж, оровч, гаравч огтоос салдаггүй охин тань цаг хугацааны жамаар өсөж том болсон байна. "Ихийг сураад ирнэ" гээд гэрээс гарсан охин чинь ижийдээ очоогүй дөрвөн намартай золгожээ. "Хоолоо идсэн үү, дулаан хувцаслаарай" гэж өглөө оройдоо утасmахад чинь "ажилтай завгүй байхад залгалаа" гэж уурлаж байсан эрхийн тэнэг охиноо уучлаарай, ээж ээ. Энэ орчлонд элэг бүтэн хүний жаргалд ташуурч яваа нь л энэ..." Хөгжмийн ая дууссан ч сэтгэл гэгэлзээд, өөдөөс захидал барин, хүүгээ харуулдах "Эх" алсад суугаа ээжийг минь санагдуулна.
“Намрын үдшийн галерей”-д нутагтаа суугаа ижийтэйгээ ийн хөөрөлдөв. "Зураг хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам" гэж галерейн захирал Б.Сарантуяагийн хэлсэн үнэн аж.
Б.Сарантуяа: Зураг хүний дотоод сэтгэлд хүрэх хамгийн дөт зам
Энэ амралтын өдрүүдээр Монголын уран зургийн галерейд “Намрын үдшийн галлерей” арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Ингээд монголын уран зургийн галерейгаар зочиллоо.
Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа:
-Жил бүр зохион байгуулагддаг “Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагааны хүрээнд монголын уран зургийн галерей “Намрын үдшийн галерей” арга хэмжээгээ энэ сарын 23,24,25-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа.
Энэ гурван хоногийн хугацаанд монголын уран зургийн галерей 10 -23 цагийн хооронд нээлттэй байж, үзэгчдэд бүтээлээ хүргэлээ. Монголын уран зургийн галерейгаар олон гэр бүл зочиллоо. Мөн галерейн ажилчид бяцхан үзэгчдэдээ зориулж “Үдийн хоолонд зочилсон хурга” жүжгийг тоглож хүргэлээ. Бид энэ жүжгийг тоглож байгаа нь учиртай. Хэдийгээр хэвшмэл ойлголтоор чоно гэдэг араатан амьтан боловч манай жүжигт хурга чоно хоёр найзууд болоод төгсөж байгаа. Энэ жүжгээрээ хүүхдэд зүрх сэтгэлийн хүмүүжил олгохыг хүссэн. Мөн жүжигтээ зориулаад ном хэвлүүлсэн.
Хүнд олон хэрэгцээ бий. Гэхдээ оюуны хэрэгцээ хамгийн их. Манай галерей үндсэн үйл ажиллагаанаасаа гадна үйл ажиллагааныхаа 30-40 хувийг урлагийн боловсролын хөтөлбөрөөр нийгэм залуучуудад эерэг нөлөөлөл бий болгох талаар олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ хөтөлбөр. Хүмүүс хоол хүнс, өмсөх зүйхээр дутахгүй. Харин зүрх сэтгэлийн боловсрол, бие биенийгээ хайрлах, ойлгох, эерэг хандлага, эерэг сэтгэлгээ дутмаг байгаа.Харин зураг бол хүний дотоод сэтгэлд хүрэх хамгийн дөт зам.
-Оны шилдэг бүтээл-2020 үзэсгэлэнд хэдэн бүтээл дэглэгдсэн бэ?
-Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд нийт 140 бүтээл ирсэн. Нэгдүгээр шатны шалгаруулалтаар шаардлага хангаагүй 30 гаруй бүтээлийг буцаасан. Шалгаруулалтад тэнцсэн 98 бүтээлээр энэхүү үзэсгэлэн дэглэгдсэн. Энэ сарын 28-ны өдөр соёлын сайдын тушаалаар хоёрдугаар шатны шалгаруулалтыг мэргэжлийн баг шалгаруулж уран зургийн галерейд шаардлага хангасан бүтээлийг худалдаж авна гэлээ.
Монголын уран зургийн галерейд үдшийн 23 цаг хүртэл зочлоод Оны шилдэг бүтээл-2020 үзэсгэлэнг сонирхож, “Цаг хугацаагаар аялж”, “Сэтгэл заслын танхим”-д тухлаад, “Фото булан”-д гэрэл зургаа авхуулж, “Хөгжимт зураг”-т оролцох зэрэг олон арга хэмжээнд оролцсон хэн бүхний сэтгэл тэнүүн буцсан нь лавтай.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ