Ц.Энхбаяр: Хүний гараар бүтсэн ОЙ-доо нэр өгөх ажлыг нийслэлчүүдийн оролцоотой шийдвэрлэнэ

img

 

 

Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ой удахгүй болох гэж байгаатай холбогдуулан нийслэл хотын харъяа байгууллагууд, түүх соёлын дурсгалт газрууд болон олон нийтийн эзэмшлийн талбайн талаарх мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгэж байгаа билээ. Энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сурвалжилж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ц.Энхбаяртай ярилцлаа.

 

Ц.Энхбаяр: ҮЦХ-нд хярс, туулай, зараа, тоншуул зэрэг ан амьтад нутагшаад байна

 

 

 

-Нийслэл хотын иргэдийн очих дуртай газрын нэг болоод байгаа Үндсэний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. байна. ҮЦХ-ийн үйл ажиллагааны талаар та товч мэдээлэл өгнө үү?

 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны бүтэц 2010 онд батлагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Анх байгуулагдсан цагаасаа л иргэдийн ирэх дуртай цөөн тооны ногоон байгууламжийн нэг болсон. Зөвхөн нийслэлийн иргэд ч биш, орон нутгаас ч иргэд Улаанбаатар хотод ирэх үедээ зорьж үздэг газрын нэг болтлоо хөгжөөд байна.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотын Туул голын ундны эс үүсвэрийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх юм.

 

Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудаас гадна энгийн тал байсан газрыг амжилттай ойжуулсан. Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 139,717 мод сөөг ургаж байна. Энэ нь нийт тарьсан модны 98,5 хувь нь юм.

 

-Нийт тарьсан модны 98,5 хувь нь амжилттай ургасан гэж та хэллээ. Тэгэхээр бараг тарьсан мод бүхэн ургажээ.

 

-Тиймээ. Жишээ нь, бусад газар жил бүр иргэд олон тооны мод шинээр тарьдаг ч тэр бүр ургадаггүй. Нэг ухсан нүхэндээ гурван жил дараалж мод тарилаа гэх мэт онигоо маягийн шүүмжлэл иргэдийн дунд байдаг.

 

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан 100 мод бүрийн 98 нь амжилттай ургаж байгаа гэсэн үг. Мэргэжлийн баг, хамт олны байнгын хараа хяналтад бүх моднууд байдаг. Жилд хоёр удаа мод, бут бүрийн тооллого хийдэг. Хэрэв мод ургаагүй тохиолдолд тухайн модыг бид нөхөн тарьдаг. 98,5% гэдэг тоо бол анх суулгасан модноос ургаж буй хувь юм.

 

Мөн онцлон дурдахад, бидний үйл ажиллагаа явуулж буй талбай нь өмнө нь ямар нэгэн модгүй, шороо эргэлдсэн тал газар байсан. Ийм талбайг 139 мянга гаруй модтой жижиг эко систем бүрэлдсэн гэж хэлэхээр болтол нь хөгжүүлсэн анхны амжилттай төсөл бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдгийг зориуд хэлмээр байна.

 

-Та сая жижиг эко системтэй гэж хэллээ. Экосистем бүрэлдсэн гэж хэлж болох уу?

 

-Цэцэрлэгт хүрээлэнд үнэг, хярсны төрлийн амьтан байгаа талаар сошиал мэдээнээс мэдсэн байх. Өнөөдрийн байдлаар хярс, туулай, зараа, тоншуул зэрэг ан амьтад тус цэцэрлэгт хүрээлэнд нутагшаад байна. Энэ нь эрүүл экосистемтэй ой модонд байдаг амьтад юм. Мод тарих ажил цаашид ч үргэлжлэх болно. Тиймээс өөрийн гэсэн эко систем бүрэлдсэн гэж хэлж болно.

 

-Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйд хэчнээн мод тарих вэ?

 

-Одоогийн байдлаар нийт талбайн 20 хүрэхгүй хувь буюу 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Хүн бүр мэдэхгүй ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 973 га талбайг эзэмшдэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн хамт олон хээр тал байсан газрыг амжилттай ойжуулж сурлаа. Тиймээс бид бүхэн шинээр санаачилсан нэг ажил судалгааны түвшинд явагдаж байна. Амжилттай туршигдсан аргаар үлдсэн талбайгаа бүрэн ойжуулах төслийн урьдчилсан бэлтгэл ажлуудыг гүйцэтгээд явж байна. Харин үүнийг улсын болон нийслэлийн төсвөөс биш өөр гадны болон олон улсын байгууллагаас санхүүжүүлэхээр зорьж байна. Урьдчилсан судалгаа, төлөвлөгөө бэлэн болохоор та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

 

 

Шинэ ойг бүтээх чадвартай мэргэжлийн хамт олон болон туршлага бидэнд байна. Мөн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн боломж байгаа бөгөөд урьдчилсан шатны судалгааны түвшинд явагдаж байна.

 

 

Миний хувьд ялангуяа урьдчилсан судалгааны ажлууд нь их сонирхолтой байгаа. Яагаад гэвэл энэ төслийн хүрээнд дан ганц мод тариад зогсохгүй. Эрүүл ой модонд зайлшгүй хэрэгтэй олон төрлийн ан амьтдыг хэрхэн нутагшуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа юм.

 

Харин хүний гараар бүтээгдэхээр төлөвлөж буй тус ойд нэр өгөх ажлыг нийт иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Олон зүйл тодорхой болоод, эхний тарилтууд амжилттай явагдсаны дараа нийт иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахаар төлөвлөж байна.  

 

-Танайд хэдэн мэргэжлийн хүмүүс ажилладаг вэ?

 

-Манайх анх үүсгэн байгуулагдахдаа л мод үржүүлгийн инженер, дендрологич, ургамал хамгааллын инженер, тарилтын инженер, агрономч, ландшафтын архитектор, техникч, цэцэрлэгч зэрэг нарийн мэргэжлийн баг хамт олонтой ажлаа эхлүүлсэн байдаг. Хүрээлэнгийн анхны даргаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсныг та бүхэн мэдэх байх.

 

Одоогийн байдлаар инженер, техникийн ажилтнууд дотор 10 магистр, 14 бакалавр зэрэгтэй хүмүүс байна. Ихэнх нь магистрийн зэргээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой сэдвээр хамгаалсан байдаг. Мөн миний бие хот байгуулалт, хотын аж ахуй гэсэн мэргэжлээр магистрын зэрэгтэй.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Монгол улсын ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын жишиг байгууллага

 

 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цаашид ямар ажлууд хийхийг төлөвлөж байна вэ?

 

-Түрүүн хэлсэнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэл бол эрүүл эко орчныг бүрдүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд нарны эрчим хүчийг ашиглахаар зорьж байна. Та орж ирэхдээ анзаарсан байж магадгүй. Манай оффисийн барилгын өмнө нарны эрчим хүчний толь байрлуулсан байгаа.

 

 

Хүрээлэн маань ундны усны эх үүсвэрийг хамгаалах онцгой бүсэд хамаардаг учир бидний ажлын байр төвийн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдох боломжгүй. Өвлийн хугацаанд халаалтаа цахилгаанаар шийдвэрлэдэг. Энэ жил бид халаалтандаа байгальд ээлтэй технологийг ашиглахаар туршилтын ажлыг эхлүүлээд байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн зарим байршилд 950 КВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүр байрлуулан өөрийн хэрэгцээг 100 хувь байгальд ээлтэй эх үүсвэрээр шийдвэрлэхээр зорьж байна. Энэхүү ажлын ТЭЗҮ хийгдээд дуусаж байгаа. Тус байгууламжийг ирээдүйд бий болох ногоон байгууламжид нөлөөлөхгүйгээр өөрийн эзэмшлийн талбайн захын хэсгээр байршуулах юм.

 

 

Үүгээр бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэглээний цахилгааны эх үүсвэрийг бүрэн хангахаас гадна ойролцоох хотхон, орон сууцнуудын тодорхой хувийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол улс эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн эхний 3-т багтдаг.

 

950 КВт нарны станц байгуулснаар жилд 1,271 тонн СО2-той тэнцэх хийн ялгарлыг бууруулж, 558 тонн түүхий нүүрс түлэхгүй хэмнэнэ. Энэ нь эргээд Улаанбаатар агаарын бохирдлыг бууруулах, шавхагдах нөөцийг хэмнэх гэх мэт маш олон давуу талуудтай. Мөн энэхүү төслийг бид төсвөөс ямар нэгэн санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.

 

 

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Монгол улсын ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын жишиг байгууллага учраас олон улсын жишигт очих ёстой. Цэвэрхэн, аюулгүй, зах хэлбэрийн биш гэх мэт.

 

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд тав тухтай орчин бий болгохоор олон ажлыг төлөвлөөд байна. Аюулгүй байдлыг сайжруулах талаар олон ажил хийгдэж байна. Хэдий улсын хэмжээнд төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа ч, хяналтын камерыг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. 24 цагийн камерын хяналтын өрөөтэй боллоо. Байгальд ээлтэй бие засах буюу ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүлэх гэх мэт ажлууд үе шаттайгаар явагдаж байна.

 

Хэдий олон хүний хөдөлмөрөөр бүтээн байгуулж байгаа ч үйлчлүүлэгч иргэддээ хандаж зарим зүйлийг уриалмаар байна. Жишээ нь зориудаар мод, сөөг хугалах, эвдэж сүйтгэх явдал сүүлийн үед улам ихэслээ. Танд зурагтай нь тайлбарлаж үзүүлье.

 

Энд 3 метр өндөртэй модыг зориуд хэн нэгэн нь хөрөөдөж хугалсан байдалтай байна.

 

 

Үүнийг манай ажилтнууд сэргээх, буцааж амилуулах арга хэмжээг авсан боловч дараа өдөр нь дахиад хугалсан байдалтай байна.

 

 

Тарьсан цэцгийг хайчилж тасдаж орхисон байдал. Авч яваагүй бөгөөд зүгээр хайчлаад орхисон.

Шинээр байрлуулсан газрын зургийг зориуд эвдэж сүйтгэсэн байдал.

 

 

 

Мөн хогийн сав олон тоогоор байршуулсаар байтал зориуд ногоон байгууламжид хог хаядаг. Зарим иргэдийг үйлдэл дээр нь анхааруулж, торгох арга хэмжээ авч байгаа ч гэлээ ундааны сав, тамхины ишээ ногоон байгууламжид хаяхгүй байхыг нийт иргэдээсээ уриалж байна.  

 

 

Та мөн манай байгууллагын үүдэнд тавигдсан тамхины иштэй хайрцгийг харсан байх. Энэ бол ердөө хоёрхон долоо хоногт л ил задгай хаясан тамхины иш юм. Манай ажилтнууд тусад нь цуглуулсан. Хүмүүс зориуд байгаль дэлхийгээ бохирдуулсан үйлдэл юм. Иргэд та бүхэн хогоо хогийн саванд хаяж, байгаль эхээ бохирдуулахгүй байхыг хүсэж байна.

 

Удахгүй манай байгууллага экологийн боловсролын төвтэй болно. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд зориулж, ногоон байгууламж, экологийн талаар үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг болохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хүн болох багаасаа гэдэг шиг хүүхэд багачууддаа хандсан олон ажлуудыг төлөвлөж байгаа. Иргэд та бүхэн манай байгууллагын албан ёсны пейж хуудаснаас тогтмол мэдээлэл авч, мөн санал хүсэлтээ ирүүлж байхыг хүсэж байна.

 

https://www.facebook.com/ubparkmn

 

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

 

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Э.Сонор

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ