Д.Сумъяабазарыг хувийн банкных нь гүйцэтгэх захирал, экс туслах хоёр орлоно гэнэ үү


Улаанбаатар хотын 35 дахь даргаар Долгорсүрэнгийн Сумъяабазар сонгогдоод байна. Нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотод утаа, түгжрэлээс эхлээд тулгамдсан асуудал олон бий.
Хэнийх үерт автсаныг, хэний хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа гэхчлэнгээр хотын даргад оролцохгүй ажил, хэрэгжүүлэхгүй асуудал гэж үгүй. Жижиг асуудлаас эхлээд том бүтээн байгуулалт хүртэл бүхий л ажлыг хэрэгжүүлэх гол үүрэгтэн нь. Энэ албыг авсан хүмүүс албан тушаалын бялуу хүртлээ гэж баярлахаас илүү өдөр, цаг тутмын асуудлыг зохицуулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх их үүргийг үүрлээ гэж бодох нь зөв. Харин энэ үүргийг Д.Сумъяабазарыг хэрхэн хэрэгжүүлэхийг бид удахгүй харна бас дүнгээ ч тавина.
Гэхдээ өнөөдрийн байдлаар Д.Сумъяабазар даргын хийх ажил чухал биш. Харин багаа хэрхэн бүрдүүлэх нь олны анхаарлыг татаад байна. Саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өөрийн хувийн компанийн ажилчдаа орлогчоор томилох тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал хотын дарга Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллана. Эдгээр орлогчид З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарын нэр бичигджээ.
Ж.Сандагсүрэн нь Д.Сумъяабазарын туслах асан, СХД-ийн Засаг дарга. Харин Н.Баярчимэг нь түүний хувийн банкинд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Үүнээс Д.Сумъяабазар ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийх вий гэсэн хардлага олон нийтийн дунд төрж байна.
Хотын даргын орлогчдыг өнөөдөр 16.00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, томилно.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ