ВИДЕО: Жанхайчуудын газрын АЙДАС

img

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны уугуул иргэн О.Ариумаа:

 

“Цэнхэр сувдын эзэд” ТББ  ямар зорилготой байгуулагдсан бэ?

 

-“Цэнхэр сувдын эзэд” ТББ-ыг энэ оны тавдугаар сард байгуулсан. Үүнээс хойш нийт 537 иргэнийг гишүүнчлэлээрээ элсүүлээд үйл ажиллагаа явуулж байна. Манай ТББ нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх гарц гаргалгаа эрэлхийлж байгуулагдсан.

 

Хөвсгөл нуурын эргэн тойронд аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд 1995 онд тусгай хамгаалалттай газарт хамааруулсан. Байгалын цогцолбор газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн хуулийн зүйл заалтаар 2009 оноос аялал жуулчлал эрчимтэй хөгжиж  түүгээрээ дамжуулж газар олголтуудыг хийсэн.

 

-Одоогийн байдлаар хэдэн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй жуулчны бааз байгаа вэ?

 

-Энэ оны судалгаагаар Хөвсгөл нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй 140, зөвшөөрөлгүй 60 жуулчны бааз, түр отоглох цэг байна гэсэн судалгаа гарсан. Мөн энэ оны байдлаар 80500 дотоодын жуулчин, 50 гадаадын жуулчин бий гэсэн судалгаа бий. Зөвшөөрөлгүй, түр отоглох цэг нь нутгийн иргэд байдаг. Учир нь нутгийн иргэдэд газрын зөвшөөрлийг нь олгож өгдөггүй. 

 

-Хөвсгөл нуурын эко систем, аялал жуулчлал байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

 

-Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, байгаль орчин аялал жуулчлалын тухай хууль, жуулчны баазын стандарт гэж зэрэг хууль дүрэм бий. Энэ хуулийг биелүүлэхгүй байна. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар ажлаа бүрэн гүйцэд хийж чадахгүй байна. Нутгийн иргэдээ шахалт дарамтад оруулж байна. Өнгөрсөн хавар 10 гаруй айлын газрын хашааг буулгаж нутгийн иргэдийн эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байна.

 

Тусгай хамгаалалтай газрын тухай хуульд газар хагалах, тэслэх, ашигт малтмал олборлох элс хайрга, чулууг сэндийлж авах, ашиглах, ургаа модыг огтлохыг хориглоно гэсэн зүйл заалт байдаг. Энэ зүйл заалтыг олон жуулчны бааз, эрх мэдэлтэнгүүд хуулийг уландаа гишгэж байна. Үүнээс болж байгаль орчин доройтож байна. 

 

-Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч байгаа иргэдийн өнөөгийн байдал ямар байгаа вэ?

 

-Газар олголт давхцуулдаг. Хэзээ эрх мэдэлтэнгүүд ирээд газрыг минь булааж авах бол гэсэн айдастай амьдардаг. Бидний гарт нэг ч бичиг баримт байхгүй. Бидний амьдрах амьдралын баталгаа байхгүй байна. 

 

Нутгийн иргэд 1,8-10 сая хүртэл торгуулдаг. Торгуулийнхаа мөнгийг олох, гэр бүлээ тэжээхийн төлөө гэр буудал, түр отоглох цэгийг ажиллуулж байна.

 

Мөн аялал жуулчлалын бүс нутагт тог байхгүй. УИХ-ын гишүүд 40 гаруй тэрбум төгрөгөөр аялал жуулчлалын бүсэд тог тавилаа гэж сурталчилж ярьдаг. Гэтэл Жанхайн нэг ч айлд тог байхгүй. Гэрчилгээ байхгүй учраас зээл тусламжид хамрагдаж байгаагүй.

 

Гэрчилгээ авахын тулд хуулиараа байгаль орчны үнэлгээ хийх  шаардлагатай. Байгаль орчны үнэлгээ хийлгэхэд 10 сая төгрөг  шаардлагатай. Гэвч улсын тусгай хамгаалалттай газар дэмжлэг үзүүлдэггүй.

 

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн иргэддээ ээлтэй байгаасай. Мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгдөг байгаасай. Нутгийн иргэдээс санал авдаг байх, гар урлал эрхэлдэг нутгийн иргэд малчин иргэд, аялал жуулчлал эрхэлдэг хүмүүсийн эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна.

 

-Нутгийн иргэд хэзээнээс гэрчилгээний талаарх асуудлаа  тавьж байгаа вэ?

 

-2009 оноос хойш Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт хандсан. Гэтэл одоо хүртэл шийдэгдээгүй.  44 айлын судалгаа бий. Архивыг шүүж үзсэн. 2011-2018 оны хооронд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар хандсан мэдээлэл бүртгэгдээгүй байсан. Миний бие энэ хугацаанд нийт таван удаа Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар хандсан.

 

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдэд ямар санал, боломж байдаг вэ?

 

-Бидэнд гэрчилгээ өгвөл, цаашид зээл тусламжид хамрагдах боломжтой болно. Нутгийн иргэд нэгдэж байгаль орчноо хамгаалахын тулд үргэлж хог хаягдлыг цэвэрлэж байдаг. 

 

-Хөвсгөл нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж үзсэн үү?

 

-Уулзсан. Уулзахад хууль эрхзүйн орчин бүрдүүлэхийн тулд  ажиллаж байна. Та бүхэнтэй хамтарч ажиллана гэж хариу хэлсэн.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOPCHIN:
Хөвсгөл далайгаа хайрлан хамгаалах юмсан.
2020-11-05