ШУУД: УИХ-ын чуулган дэггүйтэх барилдааны танхим биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Шүүхийн асуудал хурцаар тавигдаж байна. Шүүх эрх мэдлийг улс төрийн нөлөөллөөс гаргая гэж байгаа. Үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулаад өргөн барих гэсэн цаг өгдөггүй. Зарим гишүүдийн шууд өргөн баригдаж, хэлэлцүүлэгдээд явах юм. Хууль санаачлан өргөн барихад тов өгөх хугацаад тодорхой болгомоор байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ дээр өргөн баригдсан хэлэлцэх эсэхээ хүлээж байгаа 100 гаруй хууль хүлээгдэж байгаа. Тов тогтоох хүсэлтээ ирүүлсэн цаг хугацааны дарааллаар хэлэлцэгдээд явагдана.
Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүдийн санаачлаад өргөн барьсан хуулиудыг УИХ-ын Тамгын газар бүрдлийг нь хянаад мэдүүлдэг заалт хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнөөдөр Дэгийн тухай хуулиар сөрөг хүчний үгийг хаах, боох, үгийг нь хэлүүлэхгүй байх, шүүмжлэл сонсохгүй байх зорилготой хийгдэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-УИХ-ын Дэгийг олон улсын парламентын холбооноос өгсөн зөвлөмжийн дагуу боловсруулсан. Цаашдаа УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс энэ төслийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-УИХ-ын Дэгийн тухай асуудлыг багагүй хугацаанд хэлэлцэж байна. УИХ-ын танхим бол та биднийг сонгосон монгол түмний тусгаар тогтнолын гал голомт. Энд бид ажил хэрэгч, зарчимч байх ёстой. Энэ танхим бол ёс суртахууны оргил байх ёстой. Нийгэмд болж байгаа зүйлийн нүүр царайг энэ танхим үлгэрлэх ёстой. Цаасан дээр бичихээс илүүтэй өөрсдөө биеэ зөв авч явах ёстой. Дэггүйтэх, барилдааны танхим биш.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ