АНУ-ын сонгууль: Дэлхийн биржүүдэд гарсан өөрчлөлтүүд

Дэлхийн №1 эдийн засаг болох АНУ-д болсон бүх нийтийн сонгууль, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч байгаа энэ явц дэлхийн эдийн засгийн төвүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ТАСС, NBC, Regnum, ВВС агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.
АНУ-д болж буй үйл явц
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх гол индексүүд АНУ-ын бүх нийтийн сонгууль болж өнгөрсний маргааш, лхагва гаригт өсөлттэй нээгдсэн бөгөөд үргэлжлүүлэн өссөөр байна.
Dow Jones индекс 367,63 пунктээр өсч (1,34%), 27 847,66-д хүрсэн бол АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийг багтаадаг S&P индекс 74,28 пунктээр буюу 2,20 хувиар өсч 3 443,44 болжээ. Харин Nasdaq электрон биржийн индекс 430,21 пунктээр буюу 3,85 хувиар өсч, 11 590,78 болсон байна.
WTI маркийн газрын тосны 11 дүгээр сарын фьючерсийн өртөг 0,28 хувиар буурч, баррель нь 39,04 ам.доллар болсон бол алтны фьючерс үнэ 0,36 хувиар өсчээ.
Азийн хөрөнгийн биржүүд дээр
Токиогийн арилжаа өсөлттэйгээр өндөрлөж, Nikkei индекс бараг хоёр хувиар өссөн байна. Лхагва гаригт Шанхайн хөрөнгийн биржийн арилжаа ч мөн бага зэрэг өсчээ. Хүчтэй савалгаа гараагүй бөгөөд эерэг хөдөлгөөн хоёр дахь өдрөө ч үргэлжилжээ.
Пүрэв гаригт арилжаа эхлэхэд үндсэн индекс 0,86 хувиар өсч, 3305,58 болжээ. Цахилгаан тоног төхөөрөмж, автомашины үйлдвэрлэл болон теле харилцааны технологийн салбарт ажилладаг компаниудын хувьцааны үнэ илүүтэй өссөн байна.
Харин Хонконгийн хөрөнгийн биржийн арилжаа лхагва гаригт уналттайгаар өндөрлөжээ. Пүрэв гаригийн өглөө өсөлт ажиглагдаж, Hang Seng индекс 614 пунктээр буюу 2,47 хувиар өсч, 25 500-д хүрсэн байна.
Европт
Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE 100 индекс арилжаа дуусах үеэр 1,67 хувиар өссөн бол FTSE 250 индекс 17 796 пунктээр буюу 1,74 хувиар өсчээ.
Парисын биржийн томоохон компаниудын дундаж утгыг харуулдаг CAC-40 индекс лхагва гаригт 4 922,85 пункт хүртэл өссөн байна. Миланы бирж дээрх арилжаанууд лхагва гаригт өсөлттэйгээр өндөрлөж, FTSE MIB үндсэн индекс 1,96 хувиар өсчээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхойгүй байгаа нөхцөлд дараа өдрийн арилжаа бууралттай эхэлсэн байна.
АНУ-ын сонгууль: Байден ялахад 6 санал дутуу байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ