С.Бямбацогт: Төрийн одонг "Алдарт эхийн одон"-той адил шударга шалгууртай болгоё

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурал 30" хүндэтгэлийн одон медаль бүтээх тухай Н.Энхболд нарын санаачилсан хуулийн төсөл гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадалгүй, хууль санаачлагачдадаа буцлаа. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсан 30 жилийн ойн хүрээнд уг медалийг санаачилж, Ерөнхийлөгчийн зарлигаар 1000 хувь хэвлэхээр төсөлд дурдсан байлаа. Хууль санаачлагчдаа буцсан энэ төсөл үнэхээр зөв шийдэл болж, гишүүдийн шүүмжлэл ч ажил хэрэгч, бодитой байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Төрийн одон медаль, шагналын нэр хүнд шалан дээр унаж гүйцлээ. Алдарт эхийн одонтой адилхан шударга шалгууртай болгох хэрэгтэй байна. Улсад 25 жил ажилласан бол Алтан гадас, 35 жил бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэх мэт. Тодорхой шалгууртай болгохгүй бол үзэмжээр явдаг. Үзэмжээр явдгаас одон медалийн нэр хүнд ард түмний дунд унаж байна. Шударга бусаар авсан нь ичээд зүүдэггүй, аваагүй хэсэг нь бөөн гомдол, бухимдал. Төрийн одонг шуудай шуудайгаар тараадаг, нэр хүнд нь унасан. 30 жилийн ойн медалийг бид зүүлээ гээд ухаантай, баатар болохгүй. Өөрсдөө эхлээд 30 жилийн ойн медалиа больё, дэмжихгүй байна. Одон олгох журмыг шинэчлэн баталъя. УИХ өөрсдөөсөө эхлээд ёсзүйтэй, хариуцлагатай, санаачлагатай, бүтээлч, ажилдаа сэтгэл гаргадаг байя" хэмээн онцолсныг олон нийт бодит шүүмжлэл хэмээн сайшааж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ