COVID-19: Маскаа зүүж, гараа угаая

Ханиад томууны улирал эхэлжээ. Олон нийтийн газраар үйлчлүүлэхэд ойр орчимд хэн нэгэн ханиалгавал зайгаа барьж, зогсох боловч амны хаалт зүүсэн хүн тун ховор байх юм. Зайгаа барьж зогсохоос илүү амны хаалт зүүх нь баталгаатай гэдгийг эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж зөвлөгөөгөөр ихэд анхааруулна. Гэтэл амны хаалт нь зүүж, гараа ариутгаж эрсдэлээс сэргийлж буй хүн тун ховор байх аж.
Дэлхийд коронавирус цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж анхааруулсаар байна. Гэтэл бид дотооддоо халдвар алдаагүй гэдэг нэрийдлээр маск зүүхээс татгалзаж байгаа нь харамсалтай. Коронавирусийн халдвартай иргэнд үйлчилж байсан сувилагчаас коронавирус илрэхэд, Цагааннуур, Боршоо боомтыг түр хугацаанд хаахад дотооддоо коронавирус алдчихлаа гэж ихэд түгшсэн хэдий ч ахиад л амны хаалт зүүгээгүй. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг амны хаалт зүүж, гараа ариутгах нь аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга гэдгийг иргэд ойлгож байгаа ч үүргээ биелүүлэхгүй байна гэдэг гунигтай.
Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээгээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 368 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 41 хүн хөнгөн, хүндэвтэр 7, хүнд 1 хүн байгаа гэж мэдээлж, эрсдэл өндөр байгаа гэдгийг анхааруулсан. Мөн УОК, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ОУШХБ хамтран “Маскаа зүүе, гараа угаая” аяныг аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байгаа.
Гэтэл иргэд бид иргэний үүргээ биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, дулаан хувцаслаж, илчлэг хоол хүнс хэрэглэж, бусдадаа шаардлага тавьж байгаа гэж үү? Дотооддоо халдвар алдахгүй байх нь биднээс шалтгаалахгүй гэж үү?
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ