Төрийн албаны шалгалтад амжилт гаргахад зөвхөн өөрөөс шалтгаална

img

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдаж дууслаа.

 

Тус шалгалтад оролцсон С.Мөнхгэрэл төрийн алба болон төрийн албаны шалгалтын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тэрбээр:

 

 

 

-Аль ч улсад төрийн албанд ажилд орохдоо зохих шалгалтыг өгдөг жишиг бий. Энэ ёс бүр эртнээс аль ч улсад тогтсон аж. Тухайлбал эртний Грекийн гүн ухаантан Платоны“Төр улс” зохиолд төрд хамгийн мэдлэг боловсролтой хүмүүсийг ажиллуулах ёстой бөгөөд тэр хүн нь нийгмийн аль ч давхаргын ямар ч хүн байж болно, зүйрлэвэл язгуур нь харц гарал буюу зэс байсан ч өөрийн мэдлэг нь мөнгөн байвал тэр хүнийг язгуур угсаа үл харгалзан ажиллуулах хэрэгтэй гэсэн санаа нь орчин цагийн төрийн албаны мерит буюу чадахуйн зарчимд яв цав нийцдэг.

 

Манай улсад ч мөн төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсаар удаж буй. Жил бүр явагддаг Сонгон шалгаруулалтын үр дүнд иргэдээс хамгийн ёс зүйтэй, хамгийн мэдлэг боловсролтой хүмүүс төрийн албанд ажиллаж байх учиртай.

 

Гэтэл манай улсад байх олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаагаар төрд итгэх иргэдийн итгэл жил ирэх тутам буурч байгаа дүн гаргах болсон нь юутай холбоотой вэ?

 

Асуудалд тал бүрээс нь дүн шинжилгээ хийж болно. Төрийн улстөрийн өндөр албан тушаалтнуудын нөлөөлөл гэх мэт. Гэвч хамгийн гол зангилаа нь төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах явц шударга явагдаж байгаа эсэх юм.

 

Төрийн алба үүсэж, хөгжсөөр өнөөгийн “Төрийн албаны зөвлөл” нэртэй төрийн албаны төв байгууллага бий болон ажиллаж байгаа бөгөөд мерит зарчмыг чанда баримтлан үйл ажиллагаагаа сайжруулсаар буй.

 

 

Гэвч олон зүйлийг нуршихыг түр хойш тавиад өнөөгийн төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтын явцаас ажигласан хэдэн зүйлээр төрийн алба тунгалагшиж байгааг дурьдвал:

 

1.Өмнөх жилүүдэд төрийн албаны шалгалтын тест нь тухайн жилд хэвлэгдсэн сорилоос бүрэн ирдэггүй өөр асуултууд ч байдаг байсан бол энэ жилийн сорил нь тухайн жилд хэвлэгдсэн номноосоо 100 хувь бүрдсэн нь номтойгоо сайн ажилласан хүнд тэнцэх маш их боломж олгосон байлаа. Мөн төрийн албаны зөвлөлийн сайтаар өдөр бүр 25 сорил нийтлэгдэж байсан нь шалгалтад бэлтгэгчдэд ихээхэн нэмэр болсон.

 

2.Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж бэлтгэлээ хангасан байх ёстой бөгөөд шалгуулагчид танхимд орохын өмнө ковид 19 өвчинтэй холбоотой халдвар ариутгал хийгдэж шалгуулагчдыг дэг журамтайгаар хуваарилагдсан танхим руу чиглүүлэн оруулж байв. Харамсалтай нь зарим иргэд тогтоосон хугацаанаас өмнө хоцрох, орж ирсэн хойноо сайтанд нэвтрэх нууц үгээ мартсаны улмаас шалгалт эхлэх хугацааг хойш татаж байсан нь иргэдийн хариуцлага сул байгааг илтгэсэн.

 

3.Шалгалт 3 хэсэгтэй бөгөөд эхний шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд тест ажиллаж дууссан тэр даруй оноог дэлгэцэнд харуулж тухайн шалгуулагчийг тэнцсэн тэнцээгүйг харуулж байсан бөгөөд тэнцээгүй шалгуулагчид танхимыг орхиж тэнцсэн нь шалгалтаа үргэлжлүүлэн өгч байсан бөгөөд шалгалт хоорондын хугацаа нь 5 минут байв. Шалгалт бүрийн дараа оноог тэр даруй дэлгэцэнд харуулж байсан нь маш шуурхай бөгөөд шударга зохион байгуулалт байлаа. Ер нь бол ямар ч хэлбэрээр хуулах боломжгүй гэдгийг хатуу сануулья.

 

4.Сонгон шалгаруулалтанд ороход ямар ч бэрхшээлтэй асуудал байгаагүй, шударга явагдсан гэдгийг олон шалгуулагчид өөрсдийн сошиал хуудсанд илэрхийлсэн байсан  нь төрийн албаны сонгон шалгаруулалт техник технологийг оновчтой ашиглаж, зохион байгуулалт өндөртэй байгааг илтгэж байв.

 

5.Төрийн албаны шалгалтанд бэлдэх сошиал группууд дэх иргэдийн асуулт зарим нь маш илэрхий танин мэдэхүйн асуултууд байсан нь шууд хэлэхэд иргэд өөрсдөө бэлэнчлэх сэтгэлтэй, залхуу байгааг харуулж байв. Мөн шалгалтаа хамт бэлдье, хамт шалгалтандаа орцгооё, юу юу ирсэнийг хэлээд өгөөч гэж шалгалтад орсон нэгнээсээ гуйх нь ерөнхий боловсролын сургуульд нэгнээсээ хуулж тэнцдэг байсан математикийн хичээл шигээ төрийн албаны шалгалтыг санасаны илрэл юм.

 

6.Шалгалтдаа өндөр авсан нэгэн иргэн туршлагаа хуваалцан номоо 3 дахин уншиж байж өөрийн болгож, гол цээжлэх биш асуултаа ойлгож ажилласанаа хэлсэн. Тэрээр бусаддаа ч гэсэн энэ зарчмаар ажиллаарай гэж сануулсан нь талархмаар явдал байлаа.

 

Шалгалт дараа өгөх гэж буй иргэддээ сануулахад төрийн албаны шалгалт ямар нэгэн хуучин цагийн ойлголтоор хуулах, хэн нэгэн хажуугийн эсвэл хамт орсон найзаасаа асуух ямар ч боломжгүй нягт нарийн зохион байгуулалттай явагдаж байгаа бөгөөд шалгалт дууссан хойно ч хэн нэгэн хүнээр яриулах, оноо нэмэх гэсэн ямар ч  боломжгүй бүх иргэдийн мэдээлэл сайтанд ил тод байгааг сануулья. Тиймээс иргэд гагцхүү өөртөө зав гаргаж, шалгалтандаа сайн бэлдсэн байхад хэн ч хэрэггүй, тусламж хайх шаардлагагүй юм. 

 

Бяцхан зөвлөмж өгөхөд нийт иргэдийн Монгол бичгийн чадвар мэдлэг сул байгаа тул Монгол бичгийн болон дүн шинжилгээ хийх сорилоо сайтар ажиллахыг сануулья.

 

Энэ жилийн төрийн албаны шалгалтыг биеэр өгч үзсэн энгийн иргэний хувьд төрийн албан хаагчдын шалгалт шударга явагдаж байгаа нь төр тунгалагших найдвар байна гэсэн итгэлийг төрүүлж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ