Азербайжаны хяналтад орсон газраас арменичүүд нүүж, байшингаа шатааж байна

Азербайжаны талд шилжих ёстой Уулын Карабахын нутаг дэвсгэрийг арменичүүд олноор орхин гарч байгаа гэнэ. Тэд авч явах боломжгүй эд зүйлээ шатааж байгаа талаар Вести агентлаг мэдээлжээ.
Азербайжаны хяналтад орох ёстой нутаг дэвсгэрүүдийн нэг нь Кельбажар районы Карвачар хот гэнэ. Энэ нутаг дэвсгэр гурван талт хэлэлцээрийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс Азербайжаны мэдэлд очих аж. Тиймдээ ч энэ хотоос арменичүүд олноор нүүдэллэж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, зам тэр чигтээ машинаар дүүрсэн, хүмүүс авч явж болох бүхнээ ачааны машин, микроавтобусаар зөөж байгаа гэнэ. Харин авч явах боломжгүй зүйлсийг шууд шатааж байгаа аж. Олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгүүдээс харахад, Карвачар дахь хувийн байшингуудыг Азербайжаны талд ашиглуулахгүйн тулд эзэд нь шатааж байгаа нь дүрслэгдсэн байна.
Эргэн сануулахад, Орос, Армени, Азербайжаны төрийн тэргүүнүүд 11 дүгээр сарын есний өдөр Карабахд гал зогсоох тухай хамтарсан мэдэгдлийг гаргасан. Улмаар 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүрэн гал зогссон бөгөөд талууд эзэлсэн байршил дээрээ үлдэцгээсэн юм. Армений тал алдсан нутаг дэвсгэрээ Азербайжаны талд шилжүүлэх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ингэснээр 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Уулын Карабахын Кельбажар район, 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Агдамск район, 12 дугаар сарын нэгнээс Лачинскийн район тус тус Азербайжаны харьяанд очно. Түүнчлэн, Карабахын өмнөд хэсэг, Шуша хот ч Азербайжаны харьяанд очих юм.
Карабах: Сөргөлдөөнийг энхийг сахиулагчид зохицуулахаар болов
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ