
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ жил нэгдүгээр сард эхэлж байна. Өнгөрсөн жилүүдэд хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг байсан ажлыг нэг сарын өмнө эхлүүлсэн нь замын сангийн хөрөнгийг эрт төвлөрүүлэх, энэ хөрөнгөөр хийх хорооллын дундах замыг өргөтгөх, зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Татвар төлөгчид зам засварын ажлын гүйцэтгэлээр эргээд үр дүнг нь харах боломжтой хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэх үндсэн дээр нийслэлийн замын санг бүрдүүлэх зорилготой юм.
Албан татвар хураах ажлыг Улаанбаатар хотод татвар хураах ажил хоёр шаттай зохион байгууна. Нэгдүгээр шат 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд үдээс өмнө 08-12,00, үдээс хойш 13.00-17.00 цагт үйлчлэх бол хоёр дахь буюу хяналтын үзлэг шалгалт зургадугаар сарын 4-өөс зургадугаар сарын 18 хүртэл болно.
Нийслэлийн есөн дүүрэгт татвар хураах ажлыг бүх дүүргийн татварын байранд зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод гурван оношлогооны төв ажиллах юм. БЗД-ийн 8 дугаар хороо Автовокзал, БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн байр, СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 компанийн хойд талд тус тус байрлаж байна.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, Агаарын бохирдлын төлбөрөө төлөхдөө 1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2. АТБАЯХАТ төлөгчийнгэрчилгээ, 3. Иргэний үнэмлэх, 4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 5. Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт, 6. Улсн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 7. Албан татвар төлсөн баримт бичиг, 8. Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ дээрх бичиг баримтыг бүрдүүлж очно.
Албан татвар, төлбөр хураах ажлыг аль болох иргэдэд хүргэх, хурдан шуурхай үйлчлэхээр зохион байгуулсан бөгөөд татварын хэлтсүүдийн нэг цэгийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны суурин төвүүд болон явуулын цэгүүд дээр НТГ, Автотээврийн газраас томилсон ажилтнууд албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулна.
Албан татвараа төлөөгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ. Харин зургадугаар сарын 1-нээс хойш оношлогоонд орох тээврийн хэрэгслийг татварын албанд очихдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлж, өнгөрсөн жилийнхээ бичиг баримтаар татвараа төлөх юм байна. 2011 онд улсын хэмжээнд 350 гаруй мянган автотээврийн хэрэгсэл бүртгүүлснээр Улаанбаатар хотод 200 гаруй мянга нь байдаг аж. Жилд дунджаар 80 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байгаагийн дийлэнх нь 5-6 жилийн насжилттай байдаг байна. Харин манай улсад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ихэвчлэн 10 гаруй жилийн настай байдаг аж. Тиймээс агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан тогтоох аж.
АТБӨЯХАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор Агаарын бохирдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.3-д зааснаар “Төлбөр төлөгч нв Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албандаа төлөхөөр зохицуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ