Д.Отгонтуяа: Хөл хориог боломж гэж харах хэрэгтэй

Хөл хориог хэрхэн сонирхолтой, үр дүнтэй өнгөрөөх хийгээд хүүхдийн хүмүүжлийн талаар талаар хувь хүний хөгжлийн дасгалжуулагч Д.Отгонтуяатай ярилцлаа.
Тэрээр 2015 оноос өнөөг хүртэлх хугацаанд 10-17 насны 1500 гаруй хүүхдэд “Хичээлийн хоцрогдлоо нөхөх аргууд”, “Амжилттай хүүхдийн 100” “Англи хэл сурах амархан” зэрэг хувь хүний хөгжлийн сэдвүүдээр урт богино хугацааны сургалтуудыг удирдан явуулсан туршлагатай юм.
-Хөл хорионы энэ цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөж болох вэ? Ямар ямар боломжууд байна вэ?
-Хөл хорио бол сорил. Хөл хориог хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх, бүтээлчээр шинэ зүйл сурах боломж гэж харах хэрэгтэй. Жишээлбэл, миний хувьд нөхцөл байдалдаа дасан зохицож англи хэлний хичээлээ цахимаар заалаа. Ингэснээрээ цахимаар ажиллах туршлагатай боллоо. Өөр олон зүйлсийг суралцлаа. Хүн бүр гэр гэртээ байгаа учраас гэр бүлээрээ цагийг өнгөрөөж, ярилцах, цаашид хийх зүйлсээ төлөвлөх хэрэгтэй. Цахимаар бүх л зүйлсийг суралцах боломжтой байна. Тиймээс цахим хичээлүүдэд хамрагдаж болно.
-Хөл хорионы энэ үед англи хэлийг цахимаар заах нь жирийн өдрүүдээс хэр үр дүнтэй байна вэ? Англи хэлний шинэ үгс цээжлэх аргуудаас хуваалцахгүй юу?
-Англи хэлний үг цээжлэх олон арга бий. Нэгдүгээрт, богино хэмжээний хүүхэлдэйн кино үзэх. Сонирхолтой кино сонгож үзсэний дараа үг бүрийг нь задалж ярилцах хэрэгтэй. Хоёрдугаарт, дурын ном сонгож чанга уншлага хийх арга. Гуравдугаарт, гэр бүлээрээ суралцаж, сурсан шинэ үг, дүрмээ өдөр тутамдаа хэрэглэх. Жишээлбэл, манай англи хэлний сургалтад эгч дүү хоёр хамт суралцдаг. Хичээлийн дараа хооронд нь ярилцах үг, өгүүлбэрийг зааж өгдөг. Тухайн нэг гэр бүлийн хоёр сурагч маань маш сайн сурч байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд хамтдаа суралцах нь маш том давуу тал болдог. Миний англи хэлний сургалтандаа хувьд хөгжилтэй, амархан аргуудыг санал болгодог.
-Цахимаар хичээллэх үед эцэг эхчүүд, хүүхэд хооронд зөрчил үүсдэг. Эцэг эхчүүд хэрхэн хүүхэдтэйгээ ойлголцох вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ “хичээлээ сайн хий, онц сур” гэж хэлдэг. Гэтэл үнэндээ хүүхдүүдэд эцэг эхчүүдийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Хамтдаа хичээл хийх, мэдэхгүй зүйлийнхээ хариултыг хамтдаа олж, ярилцах харилцаа хүүхдэд хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдүүдээ ойлгож ярилцах хэрэгтэй. Хамтдаа суралцдаг, ойлгодог байвал үл ойлголцол үүсэхгүй.
Мөн хөл хорионы энэ үед гэр бүлийн гишүүд нэг гэрт байгаа боловч амьд харилцаа байхгүй байна. Хүн бүр цахим орчинд анхаарлаа хандуулж, ярилцахаа мартсан. Харвардын эрдэмтэд амжилтад хүрсэн хүний талаар судалжээ. Судалгаагаар амжилтад хүрсэн хүмүүсийн 80 хувь нь харилцааны ур чадвараа дээшлүүлсэн хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл амжилтын гол түлхүүр нь харилцаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт, сонирхолд нь тохируулж харилцах хэрэгтэй. Гэр бүл хоорондын харилцаагаа сайжруулах нь чухал. Өсвөр насны хүүхдийн тархи хойноосоо урагш чиглэлтэй хөгждөг. Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлийг бодитой дүгнэж чаддаггүй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг. Харилцаагаа сайжруулахын тулд таны хүүхэд танд итгэдэг байх ёстой. Та итгэлийг нь олж авахын тулд хүүхдийнхээ талаар маш сайн судлах хэрэгтэй
-Үүнийг шийдвэрлэхийн тулд?
-Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн арга “Гэрийн дүрэм”-тэй болох. Гэр бүлийн гишүүдийн санаа бодлыг нэгтгэж дүрэм зохиох нь зүйтэй. Бүхий л зүйл дүрэм журамтай байвал үл ойлголцол үүсэхгүй. Жишээлбэл, өглөө хэдэн цагт босох, хэдэн цагт хооллох, хичээлээ хийх , ярилцах зэрэг тодорхой тогтсон цагтай болоод түүнийг мөрддөг байх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд ч гэсэн дүрэм журмын талаар ойлголттой болно.
Хүүхдийн хүмүүжлийн хамгийн гол зүйл нь хүүхдийг хүн гэж үзэх. Хүүхдийнхээ нас сэтгэхүйнд онцлогт тохируулж Зөв хүмүүжил төлөвшилтэй хүүхдийг бэлтгэхийн тулд эцэг эхчүүд мэдлэгтэй байх ёстой.
-Гэрийн дүрмээ зөрчвөл?
-Гишүүд бүгд “гэрийн дүрэм”-ийг зөрчвөл ямар арга хэмжээ авах талаараа ч мөн ярилцах хэрэгтэй. Тохирсон шийтгэл ногдуулах нь зүйтэй. Гэхдээ энэ нь хатуу шийтгэнэ гэсэн үг биш. Жишээлбэл, хичээлээ сайн хийсэн үед нь амттангаар шагнадаг байсан бол түүнийг нь хойшлуулах, кино үзэх цагийг нь багасгас зэрэг байж болно. Хамгийн гол нь хариуцлагыг нь ухамсарлуулах нь чухал.
-Уншигчиддаа хандаж хэлэхэд?
-Хөл хориог боломж гэж харж гэр бүлдээ цаг зарцуулж, гэрийн дүрмээ зохиож, эерэг байгаарай гэж хэлье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ