НОК: Нийслэлээс 74 нийтийн тээврийн хэрэгслээр 2531 иргэн гарчээ

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:
-НОК-ын шуурхай штаб хуралдаж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэр гаргалаа. Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалтад орсон орон нутгийн иргэдээс шинжилгээ авах байранд хяналт шалгалт хийх ажлыг төлөвлөж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хязгаарлалтад багтаагүй тээврийн хэрэгсэлд QR код олгох ажиллагааг шуурхайлан ажиллаж байна.
Цаг агаар хүйтэрч айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан онцгой комиссын шуурхай штабаас “Таван толгой” түлш компанитай хамтран сайжруулсан түлшний үйлдвэрлэл нэмэгдүүлэх, дундын болон хангамжийн бааз, түлш борлуулах цэг дээр нийлүүлэгдэж байгаа түлшний тоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа. Мөн зорилтод бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан түлшийг түгээх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллага зохион байгуулах үүрэг чиглэлийг ханган ажиллаж байна.
Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нийгэм эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглох шийдвэр гаргаж байгаа. Мөн нууцаар зохион байгуулалттайгаар архи, худалдаалж борлуулж байгаа үйл ажиллагааг шуурхай таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас хотын хэмжээнд цар тахлын үеийн эрсдэлийн үнэлгээг хийж үзлээ. Нийгэм эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед үйл ажиллагааг зохион байгуулах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гаргаад байна.
Нийслэлийн хэмжээнд хөдөө орон нутаг руу явах иргэдийн шинжилгээг 20 цэг дээр авч байгаа. Өчигдрийн байдлаар 74 нийтийн тээврийн хэрэгслээр 2531 иргэн Улаанбаатар хотоос гарсан байна. Мөн 901 хувийн тээврийн хэрэгслээр 3710 иргэн нийслэлээс гарсан.
Нийслэлд 94 чиглэлд 874 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа. Үүнээс ачаалал бүхий 84 цэг дээр хяналтын ажилтан ажиллаж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ