Халдварын эрсдэлд өртсөн иргэнд “Ибаримт” аппликейшнаар мэдэгдэл хүргүүлнэ
2020-12-03

 

Засгийн газар, Улсын Онцгой комиссын зүгээс иргэд, аж ахуй нэгжийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай иргэний ойрын болон дам хавьтлыг богино хугацаанд олж тогтоохын тулд цахим платформ, аппликейшныг нэгтгэн хэрэглээг идэвхижүүлэхээр болжээ.

 

Тодруулбал, Засгийн газар, УОК-ын зүгээс зөвшөөрөл өгсөн 18 салбарын аж ахуй нэгжүүд болон цаашид үйл ажиллагаагаа шат дараатай нээх салбарынхан http://www.qr.119.mn сайтад байгууллагын үйлчилгээний төрөл, байршил, холбогдох утасны дугаараа бүртгүүлэн QR код үүсгэн хэвлэж аваад үүдэндээ наана. Иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ үүдэнд наасан кодыг зайлшгүй  уншуулна. Ингэснээр хэрэв тухайн иргэн халдварын эрсдэлд орсон тохиолдолд хэдхэн секундын хугацаанд Ибаримт системд мэдээлэл очих аж.

 

Манай улсын хүн амын 85 хувь нь ухаалаг гар утастай гэсэн судалгаа гарчээ. Мөн Ибаримт системд 1.7 сая хүн, аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг тул дээрх платформыг хэрэглээнд нэвтрүүл, халварын тархалтыг богино хугацаанд хумих боломжтой гэж албаныхан үзжээ.

 

Түүнчлэн нийслэл хотын захын дүүргүүдэд цагдаагийн албан хаагчид иргэний үнэмлэхийн QR код уншуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин