15:10 цаг:
Мэдээлэл хийснийхээ дараагаар Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Есөн салбараас бусад салбарын ус, цахилгааныг тэглэжээ. Судалгаа хийсэн үү?
-Уул уурхай, цахилгааны сүлжээний компаниудад хүндрэл үүсээгүй. Бид судалсан. Өнөөдрийн энэ хүнд нөхцөлд зарим салбар харин ч ашигтай ажиллаж байгаа. Бид судалсны үндсэн дээр гаргасан.
-100 ам.метр талбайтай орон сууцны ус, цахилгааныг чөлөөлнө гэжээ. 120 ам.метр талбайтай айл өрхийг яах вэ?
-Ард иргэдээ алагчилж үзэхгүй. 120 ам.метр талбайтай айл 100 ам.метрийн төлбөр нь чөлөөлөгдөөд, 20 ам.метр талбайн төлбөрөө өөрөө төлнө.
Төрийг хохироосон хэнбэгуай ч хариуцлага хүлээнэ
15:00 цаг:
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед зарим аж ахуйн нэгж, өрхийн цахилгааны төлбөр, усны төлбөрийг төр хариуцах шийдвэр гаргалаа. Дээрх төлбөрийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэр гаргах юм байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Засгийн газар сүүлийн үед эх орны алдагдсан өмчийг эргүүлэн авч байгаа. "Эрдэнэт", "Багануур" гээд. Маш том тэмцэл хийж байж энэ бүхнийг эргүүлэн авч байгаа. Цаашдаа ч төрийн мэдэлд авах зүйл байгаа. Цаашдаа ч хийнэ. Төрийг хохироосон хэнбэгуай ч хариуцлага хүлээнэ. Улсыг хохироосон бол хохирлоо төлөх ёстой. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгаж байгаа.
Зарим ААН, өрхийн ус, цахилгааны төлбөрийг ТЭГЛЭЛЭЭ
14:40 цаг:
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Монгол Улсын хувьд олон хүнд нөхцөлтэй тулгарч, эдийн засаг маш хүнд байгаа. Засгийн газар хуралдаж, зарим нэг шийдвэрийг гаргалаа. Өмнө нь улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэр. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана.
Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна. 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна.
Эдгээр шийдвэр нийт долоон сарын турш хүчинтэй. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр талхны үнэ өсөхгүй. Суурь үнэ хэвээрээ байна. Бид хаа хаанаа хохирол багатай даван туулах хэрэгтэй байна. Вакцин худалдан авч, бүх хүнээ хамруулах хүртэл бидэнд дахин 6-8 сарын хугацаа хэрэгтэй тул эдгээр шийдвэрийг гаргалаа. Дээрх төлбөрүүдийг тэглэснээр ААН-үүдэд томоохон дэмжлэг болно гэлээ.
Дээрх төлбөрийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэрээс гаргана. Төсөвт хүндрэл учрахгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Н.Нягт