Я.Содбаатар: Амьдардаггүй байшиндаа, машиндаа, "00"-ын өрөөндөө халаагуур тавьчихна гэж тооцоогүй

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Төрөөс цахилгааны төлбөрийг хариуцахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд эрчим хүчний хэрэглээ өссөн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх Засгийн газрын тогтоолтой холбогдох журмыг баталлаа. Ингэхдээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил төлбөрийг төр хариуцаж үлдэгдэл төлбөрийг иргэд төлөхөөр болсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Бид эрсдлийг тооцсон боловч тооцсон эрсдлээс хэрэглээ хэт давсан. Тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээ, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувийн өсөлттэй байна. Хэрэглээ өсөж байгаа амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд гарч байна. Энэ байршилд 2 дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна гэлээ.
Шадар сайд Я.Содбаатар:
-Цахилгаан, дулаан, хог, ус гээд таван төрлийн төлбөрийг төрөө даах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ер нь тооцоо хийхдээ өсөх байх гэж тооцож байсан. Цар тахлын үед ЖДҮ эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгж, өрх, иргэдэд дэмжлэг болж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө талдаа иргэний хариуцлагын хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжих, зохистой хэрэглээг нэвтрүүлэх шаардлага байна. Өөрсдөө амьдраагүй байраа очиж халааж байна. Машиныхаа доор нэмэлт халаагуур тавьж байна. Зургаан бүс дээр өндөр ачаалалтай байна. Энэ нь эрчим хүчний системийн үйл ажиллагаанд доголдол гарч магадгүй. "Нүхт"-д амьдардаггүй байшиндаа халаагуур тавина, машины доор халаагуур тавина, "00"-ын өрөөндөө халаагуур тавьчихна гэж бид яаж тооцох вэ. Тийм учраас эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ