Өнгөрсөн оны мөн үеийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг л төр даана

img
 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо. 

Гэрэл зургийг MPA.mn

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Жишээлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ 12 дугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна.  

 

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэгүй өвс өгнө

 

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.  Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээрх аймгуудын 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа бөгөөд 45 орчим мянган өрхийн 18,5 сая мал өвөлжихөөс 8,000 өрх, 4,3 сая мал оторлож байна. Гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн гэж Улсын онцгой комисс үзжээ. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм. Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлж өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа малын гаралтай өвс, тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль батлуулан хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Zasag.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ