“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

img

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа.

Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, дээрх зарлигийг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ:
  • “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн “монгол хүн”, “гэр бүл”, “төрт ёс”, “эх нутаг”, “монгол хэл”, “эрдэм боловсрол”, “ёс суртахуун”, “өв соёл”, “нүүдэлчин ухаан”-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгав.
  • Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцууллаа.
  • Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалав.

Эх сурвалж: President.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ааваа намайг ашиглах гэж цохилдог дарга нартай болмооргүй байна
2020-12-26
Судар гэдэг чинь шашны ном. Төр шашнаас хол хөндий байх ёстой
2020-12-26
ийм мэдээлэл:
ЭРДЭНИЙН СУДАР ОРШИВОЙ Нийтлэгдсэн: 2020-07-17 Соёл урлагийн их сургуулиас санаачлан “Монголчуудын үнэт зүйл” төслийг 2012 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг судалгааны үндсэн дээр тодорхойлж, эрдэмтдийн саналуудад түшиглэн эрдэнийн шогол бүтээж түүндээ бичиглэн залах юм. http://www.mnuac.edu.mn/main/383792?content=1067932 НИЙГЭМ 2020.09.12 Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар” бүтээжээ Соёл урлагийн их сургуулиас санаачлан “Монголчуудын үнэт зүйл” төслийг 2012 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг судалгааны үндсэн дээр тодорхойлж, эрдэмтдийн саналд түшиглэн эрдэнийн шогол бүтээж, түүндээ бичиглэн залах ажээ. Нийт 11 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт социологийн судалгаа явуулж, судалгааны үр дүнд ёс суртахууны үнэт зүйл, төрт ёсны үнэт зүйл, урлагийн үнэт зүйл, шашны үнэт зүйл, соёлын үнэт зүйл, эдийн засгийн үнэт зүйл болон хувь хүний үнэт зүйл, гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн үнэт зүйл, хүн төрөлхтний үнэт зүйл гэсэн бүхий л түвшинд тодруулан гаргасан байна. http://peak.mn/news/mongolchuudiin-unet-zuilsiin-erdeniin-sudar-buteejee
2020-12-24
ийм мэдээлэл:
2018.01.22 10:01 Э.СОНИНТОГОС: МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН “ЭРДЭНИЙН СУДАР” БҮТЭЭНЭ -Танай сургуулийн багш нар монголчуудын үнэт зүйлийн судалгаа хийж байгаа гэсэн. Ерээд оноос хойш монголчууд үнэт зүйлгүй боллоо гэж ярьцгаадаг? -Тийм судалгаа хийж байгаа. Манай Соёл, урлаг судлалын хүрээлэн гэр бүлийн соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх явцдаа эрдэмтэд, төрийнхэн, иргэний нийгмийнхнийг оролцуулсан хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Өнөөдөр монгол гэр бүл ямар болсон бэ, өв соёлоо үр хүүхэддээ уламжлуулж чадаж байна уу, үлгэр оньсогоо ярьж байна уу, монгол хүн хэн бэ гэхчилэн ярилцсан. Япон боловсрол, монгол боловсрол гэдэг бол дэлхийн хүнийг гэхээсээ илүүтэй тухайн улсын иргэнийг төлөвшүүлэх тухай асуудал юм. Одоо зүйр цэцэн үгийг эцэг эхчүүд, залуу багш нар өөрсдөө тайлбарлаж чадахгүй хэмжээнд очжээ. Соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, сурталчлах нь манай сургуулийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Сингапур үнэт зүйлийнхээ цагаан номыг гаргасан орон. Яг тэр бодлого дээр ажилласан хүн ирж, манайхантай хамтрах юм. Үндэсний үнэт зүйлийг тодорхойлохын тулд Монголын нийгмийн бүх давхарга, эрдэмтэн мэргэд залуустайгаа хамтарч ажиллах ёстой. Олон төрлийн судалгаануудыг хийх учиртай. Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар”-ыг бүтээх юм. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэхээр СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “Хөх дарх” урланд, доктор Д.Энхдаваа дархны удирдсан уран дархны ангийнхан эртний ном хэвлэж ирсэн монголчуудын уламжлалт аргаар шогол бүтээсэн. Удахгүй үнэт зүйлсээ бичсэн “Эрдэнийн судар”-тай болно гэж найдаж байна. https://dnn.mn/э-сонинтогос-монголчуудын-үнэт-зүйлсийн-эрдэнийн-судар-бүтээнэ/
2020-12-24
Мөнх:
Эрдэнийн судар Субашид гэдэг мөн үү ?
2020-12-23
Судар:
Ямар судар вэ? Япахдаа зургийг нь тавчихгүй дээ...
2020-12-23