ШУУД: 39 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.27/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14646 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 39 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 38 хүн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд тусгаарлан ажиглах байр болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Тусгаарлагдсан хүмүүсээс өвчтөн 5, эмнэлгийн ажилтан 3, гэр бүлийн хавьтал болсон 30 хүн байна. Мөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 184 болжээ. Ингэснээр нийслэлд батлагдсан тохиолдол нийт 330 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр,
-
Сэлэнгэ аймагт: 217
-
Дорноговь аймагт: 32
-
Говьсүмбэр аймагт: 4
-
Архангай аймагт: 3
-
Орхон аймагт: 25
-
Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 656 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1121 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 711 байгаа. Өнөөдрийн байдлаар 400 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 336 хүн хөнгөн, хүндэвтэр 54 хүнд 7, маш хүнд 3 байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ