Төрөх насны эмэгтэй ажилтнуудын НДШ-ийг төлөхгүй байх асуудал гардаг

img

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 2008 оноос хойш бага багаар, тасралтгүй буурч байгаа бөгөөд үүнд эдийн засгийн хямрал, төрөлт тэргүүтэй олон хүчин зүйл нөлөөлсөн. Монгол Улс хэдий жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн зохицуулалт сайтай орнуудын нэгд тооцогддог ч хэрэгжилт сул хэвээр байгаа нь ийнхүү ажиллах хүчний оролцоогоор илэрч буй. Эмэгтэйчүүд ийнхүү нийгмийн үр шимийг тэгш хүртэж чадахгүй байгаа гол шалтгаан бол өндөр настан болон хүүхэд харах үйлчилгээний хүрэлцээ хомс байгаа асуудал юм. Үүний араас ажил олгогчдын хатуу шаардлага, өндөр босго зэрэг асуудлууд хөвөрнө.

 

Үүнээс гадна, хэрэвзээ нөхөр ар гэрээ тэжээхэд хүрэлцэхүйц мөнгө олдог бол эхнэр ажил хийх шаардлагагүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн, ар гэрийн ажлаа хариуцахад хангалттай гэх  жендэрийн хэвшмэл ойлголт, уламжлалт хандлага нь дараагийн шийдэх хэрэгтэй асуудал билээ. Түүнчлэн ажил үүргийн хуваарилалтын талаарх нийгмийн хүлээлт зэрэг нь 21-39 насны буюу хөдөлмөрийн эд насны, дээд боловсролтой эмэгтэйчүүдийн оролцоонд сөргөөр нөлөөлж, жендэрийн тэгш бус байдлыг гааруулсаар байна.

 

Хөдөлмөрийн зах зээлийг эмэгтэйчүүдэд ээлтэй болгоход тулгарч буй бэрхшээлүүд, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар Монголын нэр бүхий эмэгтэйчүүд ямар байр суурьтай байгааг доорх түүвэр эшлэлээр нэгтгэлээ.

 

Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хэвтээ ялгарал цаашид арилахгүй, харин ч улам ихсэх хандлагатай байна

 

 

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Т.ЭНХБАЯР:

 

Эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулж буй үйл ажиллагааны дөрвөн салбарын ажиллагчдыг авч үзвэл 2005-2018 оны хооронд эрэгтэйчүүдийн тоо хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын болон уул уурхай, олборлолт, бөөний болон жижиглэн худалдааны салбаруудад нэмэгдсэн. Харин эмэгтэйчүүдийн тоо голчлон бөөний, жижиглэн худалдааны салбарт өсжээ. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хэвтээ ялгарал цаашид арилахгүй, харин ч улам ихсэх хандлагатай байна.

 

2006 онд Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого баталж, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн талаарх статистик мэдээллийг гаргах болсон. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эгнээнд сүүлийн хоёр жилд шинээр нэмэгдэн орогчдын 43.6 мянга нь эрэгтэйчүүд, 19.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн зөрүү Улаанбаатар болон бусад бүсүүдэд нэгэн адил ажиглагдаж байна.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨХ Д.СҮХЖАРГАЛМАА:

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бодлого тодорхойлох түвшин дэх эмэгтэйчүүдийн квотыг 50 хувь болгоно гэж мэдэгдсэн. 2015 онд McKinzey & Company судалгааны байгууллагаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөдөлмөрийн зах зээлд эн тэнцүү оролцоотой байснаар ДНБ автоматаар нэг хувиар өсдөг гэсэн судалгаа гаргасан. Үүнийг бодлого тодорхойлогчид маань санах хэрэгтэй болов уу.

 

Аль ч салбар байсан эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байх нь улс орны хөгжил буруу чигт хандсан байгаагийн илрэл.

Зайнаас ажиллуулах нь зөв шийдэл биш

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

 

Сүүлийн 10 жилд эмэгтэйчүүдийн дундах ажилгүйдлийн түвшин 10 гаруй хувиар нэмэгдлээ. Энэ бол хүн ам цөөтэй, хүн бүрийн оролцоо чухалд тооцогдох манай улс орны хувьд сэтгэл сэртхийлгэм өндөр тоо. Мэдээж үүний цаана олон шалтгаан байгаагаас хүүхэд асрах тогтолцоо бүрэлдээгүй, ханиад томууны улирал, хангалтгүй цалин, магадгүй түгжрэл ч нөлөөлсөн байх боломжтой. Шалтгааныг хувьчлан тогтоож, үүнд тохирсон шийдэл олох нь дараагийн асуудал. Түүнээс биш, урт хугацааны үр дүнгээ бодвол зөвхөн ажлын уян хатан нөхцөлтэйгөөр эсвэл зайнаас ажиллуулах нь зөв шийдэл биш. Мэдээж үр дүнтэй, гэхдээ гарц биш.

Эмэгтэйчүүд давхар ачаалал үүр амьдарч байна

 

МУБИС-ИЙН БАГШ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР С.ТҮМЭНДЭЛГЭР:

 

-Эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 68.4 хувьтай байхад эмэгтэйчүүдийнх 53.5 хувьтай байна.

XX зуунаас хойш манай улсад эмэгтэйчүүд тэжээгчийн үүргийг хуваалцах болж өөрчлөгдсөн. Энэ утгаараа хэвшмэл үзэл өөрчлөгджээ гэж хэлж болно. Гэхдээ асран халамжлагчийн үүргийг эрэгтэйчүүд хуваалцаж оролцох нь сул хэвээр байна. Ийнхүү эмэгтэйчүүд давхар ачаалал үүр амьдарч байна. Эмэгтэйчүүд цалин хөлс олдог ажил хийдэг ч гэрийн хөдөлмөрийн ачаалал үүрч байгаагаас өөрийгөө хөгжүүлэх болон хувийн хэрэгцээнд зарцуулах цагийг багасгаж, хүний нөөцийн хөгжил, чадавхжилт, амрахад тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа.

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧ, СОШИАЛ МАРКЕТЕР БОЛОН ЗАГВАР ӨМСӨГЧ Б.ЦЭРЭНДОЛГОР:

-Бизнес эрхэлж, бараа бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөл авах гээд явж байхад ч юм уу, “Ийм жоохон юм байж”, эсвэл “Энэ чинь эмэгтэй хүний хийх ажил биш” гэсэн хандлага их ажиглагдсан. Ингэж хэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэй хүмүүс байх нь бий. Тэдэнтэй сөргөөцөлдөхгүй ч тэгэх тусам нь өөрийгөө харуулахыг хүссэн л дээ. Жендэрийн хэвшмэл ойлголтоор хайрцаглаж, хаана байх ёстой, хаана байх ёсгүйг заадаг нь эмэгтэй хүмүүс сул дорой учраас дээрэлхэж болно гэж боддогтой холбоотой юм шиг. Ахимаг насны эмэгтэйчүүд хүртэл жоохон охидтой ингэж харьцдаг шүү дээ.

 

Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй нөөц болох хүний нөөцөө ирээдүйд бүрэн дүүрэн ашиглахад тусална

 

ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЖЭЙМС АНДЕРСОН:

 

-Ажиллах хүчний оролцооны хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд ялгаатай байдал их байна. Хөдөлмөрийн зах зээлдэх жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх нь Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй нөөц болох хүний нөөцөө ирээдүйд бүрэн дүүрэн ашиглахад тусална.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ