Шүүгчийн цалинг тав дахь жилээс эхлэн хоёр хувиар нэмэхийг дэмжсэнгүй

img

 УИХ-ын чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн.   Манай улсын шүүхээс гаргаж буй нийт шийдвэрийн 60-70 хувь нь гадны нөлөөлөлтэй байгаа гэж зарим судалгаа, мэдээлэлд дурдагдсан байдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар тодотгоод, хэлэлцэж буй төслөөр бид нийгмийн шударга ёсны захиалгыг биелүүлэх эсэхийг тодруулж байв. Шүүх шударга байх, шүүгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажилласан хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулав. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа шүүх эрх мэдэл бие даасан, шүүгч хараат бус байх гол зарчмыг баримталсан ч өнгөрсөн хугацаанд хараат бус байдлыг хангаж чадаагүй гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Үндсэн хууль болон бусад хуулиараа шүүх, шүүгчийн хараат бус байдлыг тунхагласан атлаа үүний талаарх эрх зүйн нарийвчилсан зохицуулалтгүй байсныг өөрчилж, төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарлалаа. Тухайлбал, улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх бүхий л мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэн, битүүмжлээд ШЕЗ-д ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэг хүлээж байгаа аж. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн шүүгч сахилгын шийтгэл хүлээх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. ШЕЗ уг тэмдэглэлийг хүлээн авч, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, шаардлагатай тохиолдолд нөлөө үзүүлэх гэж оролдсон этгээдэд хариуцлага тооцдог байх зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ. Энэ нь нэг талаасаа шүүгчийг хариуцлагажуулж, нөгөө талаас улс төрчдийн нөлөөллөөс шүүхийн үйл ажиллагааг  хамгаалах зорилготой гэдгийг тэрбээр тайлбарласан.

 

Аймаг бүрд анхан шатны 2 шүүх, давж заалдах шатны 1 шүүх байдаг ба төсөл батлагдсанаар одоогийн энэ бүтэц өөрчлөгдөх үү гэсэн Д.Тогтохсүрэн гишүүний асуултад Б.Энхбаяр гишүүн хариулахдаа “Шүүх байгуулах тухай асуудлыг бүх тохиолдолд Улсын Их Хурал шийдвэрлэх учраас өнөөдөр хэлэлцэж буй төсөл батлагдсанаар одоогийн шүүхийн бүтцэд өөрчлөлт орохгүй” гэв. Ерөнхий шүүгч иргэдийг хүлээн авах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх зохицуулалтыг хассан байгааг Д.Тогтохсүрэн гишүүн шүүмжилсэн.

    Хараат бус байдлыг хангахад санхүүгийн асуудал нэн чухал гэдгийг Х.Ганхуяг гишүүн тодотгоод, энэ чиглэлээр ямар зохицуулалт төсөлд тусгасныг лавлав. Эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг анхаарах нэн шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Жилд 70 гаруй мянган хэргээ шударгаар шийдвэрлүүлэхээр шүүхийг зорьж буй иргэдийн асуудал энд хөндөгдөж байгааг талбарласан. Мөн шүүгчийн туслахын сарын цалин 700 мянган төгрөг байдгаас тогтвортой ажиллах хүн олдохгүй байгаа гэдгийг дурдан, энэ чиглэлд зохих анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

    Хууль зүйн байнгын хорооны санал хураан шийдвэрлэсэн 137 зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 67 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төсөлд “Танхимын тэргүүний бүрэн эрх” гэсэн 19 дүгээр зүйлийг нэмж, Шүүгчдийн зөвлөгөөний талаарх зохицуулалт бүхий холбогдох зүйл заалтыг өөрчлөн найруулах агуулга бүхий саналын томьёоллуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 22 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэсэн 22.3 дахь хэсэг, “Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ” гэсэн агуулгатай 22.8 дахь хэсэг, “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэсэн агуулгатай 22.9 дэх хэсэг, “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр, ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлана” гэсэн 22.10 дахь хэсэг нэмж, төслийн 22.5 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн шүүгч нь тусгай саналаа уг шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн юм.

 

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт бүхий төслийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 27 дугаар зүйлд “иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх” гэсэн агуулгатай 27.1.5 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Улсын дээд шүүхийн танхимын бүрэн эрхийн талаарх зохицуулалт бүхий төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын талаарх төслийн 35 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг мөн гишүүд олонхын саналаараа дэмжсэн юм. Мөн Шүүгчид нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх гэсэн төслийн 36 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн.

   

Төслийн 47 дугаар зүйлийн гарчгийн “Шүүгч” гэсний өмнө “Шүүх,” гэж нэмж, 47.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ” гэж, 47.5 дахь хэсгийг “Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулж, 47.8 дахь хэсгийн “журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох” гэж өөрчлөх эсэхээр санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх дэмжсэнгүй.

 

 

    Шүүгчид хориглох зүйлийн талаарх төслийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх буюу 65.2 хувь нь дэмжив. Тодруулбал, шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох; албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулах; албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулах; шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх; албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглах; зэргийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгах юм.

 

    Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой 60 дугаар зүйлийг төсөлд нэмэхийг гишүүдийн олонх буюу 67.2 хувь нь дэмжлээ. Тодорхой төрлийн зөрчилд сануулах, цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван cap хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Тухайлбал, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох; албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулах; зөрчилд огцруулах зохицуулалтыг төсөлд тусгахаар боллоо. Ийнхүү  Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Н.Нягт

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e:
e
2021-01-22