Авлигатай тэмцэх газраас улс орон даяар “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээ зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд зураачид, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон чөлөөт уран бүтээлчдийн дунд зарласан шударга бус явдлыг үзүүлсэн шог зургийн уралдааны дүн гарсан байна.
Жил бүрийн арван хоёрдугаар сарын 9-нд тохиох авлигын эсрэг олон улсын өдрийг угтан үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж байгаа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд зураач, уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд шударга бус явдлыг жигших үзэл санааг бий болгох, нийгмийн шударга ёсыг хөхиүлэн дэмжих зорилгоор зохион байгуулсан уг уралдаанд нийт 20 зураач 53 шог зургаа ирүүлжээ.
Уралдаанд зураач Б.Болдбаатарын “Хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь” сэдэвт шог зураг шалгарч, тэргүүн байрыг эзэлсэн байна. Харин хоёрдугаар байрт шог зураач С.Цогтбаярын “Тулгалт”, Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Л.Батбилэгийн “Өнөөгийн Монгол Улс” сэдэвт зураг шалгарсан байна. Гуравдугаар байрт зураач А.Батбаяр, Ц.Намжилдорж нарын бүтээлүүд тус тус шалгарчээ. Зураач Д.Ерөө, Т.Энхбаатар, Ц.Мөнхбат нар тусгай шагнал хүртэх эрхтэй болсон байх юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 12 дугаар сарын 9-ний өдөр дэлгэн, олон нийтэд үзүүлэхийн зэрэгцээ эмхэтгэл болгон хэвлүүлэхээр болжээ.
Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ