ВИДЕО: Засгийн газар "Оюутолгой" төслийг зогсоохгүй
"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоос тодрууллаа.
-Засгийн газар "Оюутолгой" төслийг зогсоох эсэхээр ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?
-Засгийн газар "Оюутолгой" төслийг зогсоох талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч талтай гэрээнд өөрчлөлт оруулах талаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Энэ төсөл Монгол Улсад ашигтай байх хэрэгтэй. Татварын асуудал нэг тийшээ шийдвэрлэгдэнэ гэж харж байна.
-Далд уурхайн бэлтгэл ажил хэвийн үргэлжлэх үү?
-"Рио тинто" компаниас далд уурхайн үйл ажиллагаа зогсох хэмжээнд асуудал илэрхийлээгүй. 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орохоор төлөвлөж байсан. Энэ хугацаа 2022 оны 10 дугаар сар хүртэл хойшилсон. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Энэ нь төслийн үр өгөөжийг бууруулсан. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх төлөвлөсөн хэмжээнээс 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. 5.3 тэрбум ам.доллараар анх төсөвлөсөн байсан. Оюутолгой компанийн үйл ажиллагаа зээлээр явагдаж байсан. Нийт 11 тэрбум ам.долларын зээлтэй компани. "Рио тинто" компани Оюутолгой компанийнй менежментийн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг. Менежментийн үйлчилгээний төлбөрт үйл ажиллагаанд зардлаас хувь тооцож төлдөг. Засгийн газраас менежментийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулах, төлбөрийн хэмжээг багасгах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах санал тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зардал ямар шалтгаанаар өссөн талаар хөндлөнгийн шинжээч томилуулах саналыг мөн тавьсан. Энэ асуудлыг Оюу Толгойн ТУЗ-өөс тусгай хороо байгуулж, Засгийн газраас хоёр, Туркойз Хиллээс хоёр хүн томилогдон, хөндлөнгийн шинжээчийг томилохоор ажиллаж байна.
Далд уурхайн бүтээн байгуулалт геологийн хүчин зүйлээс шалтгаалж зардал өссөн байхыг үгүйсгэхгүй боловч, төсөлд оролцогч олон талын эргэлзээг арилгах, урт хугацаанд үр ашигтай явуулахад дөхөмтэй гэж үзэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.
-Оюутолгойн алтыг урьдчилж борлуулах замаар санхүүжилтээ шийдэх тухай хөрөнгө оруулагчийн саналд ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойн далд уурхайг дэмжиж байгаа шалтгаан нь энэ ордын нөөцийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно. Одоогийн үзүүлэлтээр Монгол Улсын нийт экспортын тал хувийг олборлож байна. Нийт борлуулалтын орлого нь 1.1 тэрбум орчим ам.доллар байгаа нь үйл ажиллагаа нь өргөжинө. Далд уурхай ашиглалтад орсноор дэлхийд олборлолтоороо дөрөвдүгээрт орох хэмжээний том уурхай болно гэсэн байгаа. Тиймээс бид төслийг дэмжин ажиллаж байна. Эдийн засгийн үр өгөөж нь буурч байгаа нь санаа зовоох асуудал. Төслийн үр ашиг Монгол Улсад сайжрах чиглэлээр ажил хийгдэнэ. Илүү харилцан ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ