ВИДЕО: Засгийн газрын гишүүд тангараг өргөнө

20:30 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг танилцуулж, гишүүд асуулт тавьж, хэлж дууслаа. Чуулганы хуралдаан түр завсарлаад 21:00 цаг Засгийн газрын гишүүд тангараг өргөх ажиллагаа болох юм.
Ингэснээр намрын чуулган хаалтаа хийнэ.
Л.Оюун-Эрдэнийн хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын сайд боллоо
19:50 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ танилцуулан, хэлэлцүүлж байна. Гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Засгийн газрын гишүүдээс нэг хүн орж ирсэнд гайхаж байна. Энэ бол Ц.Нямдорж сайд. Би УИХ-д орохоосоо өмнө энэ хүний маш шударга хүн гэж боддог байсан. Харин УИХ-д орж ирээд миний бодлоос 180 градус зөрүүтэй хүн гэдгийг ойлгосон. Би тантай "Оюутолгой", Дубайн асуудлаар дандаа санал зөрдөг байсан. Таны Монгол төрөөс авах, Монгол төрийн төлөх төлөөс дуусаагүй юм байх. Та улайран хамгаалж байсан. Монгол Улсын ХЗДХ-ийн сайд "Рио тинто""-гийн баялаг гэж хэлж байсан. "Хүндэт өвгөн ах минь хүрээд ирэв үү бас..." гээд сошиалаар эсэргүүцэж байна. Та Монгол төрийн ажилд бага шиг гай болоорой. Л.Оюун-Эрдэнийн хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын сайд боллоо шүү.
Яагаад илэрхий асуудал замдаа сэмээрхэн, сэмээрхэн замхарч байгааг асууж байгаа
18:00 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ танилцуулан, хэлэлцүүлж байна. Гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 2016-2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн асуултад
17:50 цаг:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Би долоон сарын дараа л Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах саналыг Ерөнхий сайд тавиад, өнөөдөр энд сууж байна. Шүүх хуулийн байгууллагаар яригдаж байгаа асуудлын тухайд олон нийт ойлгохгүй нэг асуудал байгаа. АТГ, бүх шүүгч нар, Ерөнхий прокурорын орлогч нарыг ХЗДХ-ийн сайд, Засгийн газар томилдоггүй. Тагнуулын газрын дарга өөр журмаар шийддэг. Энэ дөрвөн газар явагдаж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцдоггүй журамтай. УИХ АТГ-ын даргыг өөр журмаар шийддэг байхаар болгосон. 2016-2020 оны хооронд болоод өнгөрсөн асуудлаас би хоёр асуудлыг голчлон хөөцөлдсөн. Нэг нь хууль бусаар шийдэгдсэн хоёр иргэн, нөгөөх нь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой. Асар их бэрхшээлтэй тулгарсан. Хоёр иргэнтэй холбоотой асуудал шийдэгдсэн ч суларсан, 49 хувьтай асуудал мөн сулраад байна. Томилогдвол хуулийн төвшинд иргэд, хуулийн сайдтай ярина гэж бодож байгаа. Зарим тохиолдолд ярьж ч байгаа. Яагаад илэрхий асуудал замдаа сэмээрхэн, сэмээрхэн замхарч байгааг асууж байгаа.
Засгийн газрын эхний 100 хоногт вакциныг оруулж ирэхээр ажиллана
16:30 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ танилцуулан, хэлэлцүүлж байна. Гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
-ГХ-ны сайд н.Батцэцэгийг дэмжиж байна. Төрийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байсан. Ажлын амжилт хүсье. Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн 124 км зам хөрш оронтойгоо холбогдоогүй байгаа. Өнгөрсөн хугацаанд Халтар сайд дэмжиж ажилласан. Үүнд баярлаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар туссан. Үүнийг ажил хэрэг болгох ёстой.
ЗТХ-ийн сайд Б.Халтар:
-2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зам тээврийн салбарын мөрийн хөтөлбөрийн тэргүүн эгнээнд хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох зам орсон. Бидний төлөвлөснөөр энэ ажил хийгдэнэ. 123 орчим тэрбум төгрөгийн ажил шаардлагатай. Бэлтгэл ажлаа хангаад явж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын багийг дэмжиж байгаа. Та бүгдийн зөвд зөөлөн, бурууд хурц байж МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана. Та бүгдийн ширээн дээр байх хуулиуд бол Үндсэн хууль, хөгжлийн төлөвлөлтийн хууль шүү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Цар тахлын үед ард иргэд рүү чиглэсэн дорвитой бодлого хэрэгтэй байна. Цар тахлын үед хэрэгжүүлсэн хуулийг баталсан байгаа.
Шадар сайд С.Амарсайхан:
-УОК цар тахлын голомтыг дарах бууруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Цар тахлын эрсдэл байсаар байна, цаашдаа ч хүндрэхийг үгүйсгэхгүй. Хүн бүрийн үүрэг. Гурван сая хүн амтай Монгол хэмээх нэг багийн зорилго, тэдгээрийг хошуучилж ажиллах хүмүүс 200 гаруй мянган албан хаагч, үүрэг даалгаврын биелэлт, хяналтыг тавьж ажиллана. Ингэхдээ үйлдвэр, үйлчилгээний газраа аль болох хаахгүй байх, ариутгал, хяналтыг явуулах шаардлагатай. Хяналт бүгдийг хааж байна гэсэн үг биш, Эрүүл мэндээ хүн бүр хамгаална. Учир битүүлэг ямар нэг зүйл явуулахгүй, иргэдээ мэдээллээр бүрэн хангана, айдас хүйдэсгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Эдийн засгаа хэвийн явуулж, иргэн бүрээ эрүүл байлгахын тулд сахилга бат хэрэгтэй. Дээрээ шийдвэр гаргаж, доороо замхарч болохгүй. Иргэдээ ч татан авах олон асуудал бий. Хариуцлага гүйцэтгэл хяналт хэрэгтэй. Өмнөх Засгийн газар онцгой комисс сайн ажилласан.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:
-Таван шинэчлэл хийнэ гэж ярилцаж байгаа. Боловсролын тогтолцооны, эрүүл мэндийн, ипотекийн тогтолцооны шинэчлэл хийнэ. Амин судас болсон том салбарын шинэчлэлийг хийхээр кабинетдаа урьж ажиллуулж байна. Энэ ядуурал, орлогогүй байдал боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн асуудал. Боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлөөр хийх хэрэгтэй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Маскаа зүүгээд, зайгаа бариад, дархлаагаа сэргээгээд бүх үйлчилгээний цэгүүдээ нээх цаг болжээ. Ингээд ирвэл эдийн засаг аяндаа сэргэнэ. Ковидоос зугтааж биш сөрж амьдрах цаг болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газрын эхний 100 хоногт вакциныг оруулж ирэхээр ажиллана. Цар тахлыг даван туулах цогц хөтөлбөрийг гаргана. Гадаадад байгаа иргэдээ үе шаттай оруулж ирэхэд анхаарна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна
16:00 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг танилцуулж байна. МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрын гишүүдийг дэмжсэн юм.
Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан
-
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ц.Нямдорж
-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Н.Уртнасан
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар
-
Сангийн сайд - УИХ-ын гишүүн Б.Жавхлан
-
Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - А.Ариунзаяа
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Энх-Амгалан
-
Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
-
Батлан хамгаалах яам - Г.Сайханбаяр
-
Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар
-
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - З.Мэндсайхан
-
Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх
-
Соёлын сайд - Ч.Номин
-
Эрүүл мэндийн сайд - С.Энхболдыг томилохоор тус тус дэмжжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ