Өнгөрсөн зуунаас үлдсэн амь бөхтэй төөрөгдөл буюу АУТИЗМ вакцинаас болдог уу?

img

Коронавирусээс сэргийлэх вакцин орж ирэх сургаар олон нийт "тарилга хийлгэнэ, хийлгэхгүй" гэж талцах зуур олон жил дэлхий даяар амь бөхтэй оршсоор ирсэн вакцины тухай төөрөгдөл дахин хүчээ авав. Энэ бол "вакцинаас үүдэж аутизм үүсдэг" гэх үнэмшил. Иргэдийн төөрөгдлийг нимгэлэх үүднээс SHUUD.mn олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд, шинжлэх ухааны хүрээлэнгээс гаргаж байсан мэдээллүүдээс түүвэрлэн хүргэж байна. 

Өмнөтгөл

Өмнөх "Вакцинаас өмнөх олон сая хүний амь буюу вакцины түүх" нийтлэлд   өгүүлсэнчлэн, вакциныг эсэргүүцэгчдийн зохион байгуулалттай хөдөлгөөн анагаах ухааны түүхэн дэх анхны вакцин гарсны дараа л үүсчээ. Тухайн үед хөгжил дэвшил буурай, мухар сүсэг их байсан тул ийн эсэргүүцэх нь ойлгомжтой. Харин урьдчилан сэргийлэх тарилгын эсрэг философийн хөгжлийн шинэ үе интернет үүссэнтэй зэрэгцэн гарч ирэв. Чухамхүү олон нийтийн сүлжээнээс л вакцин эсэргүүцэгчдийн "томоохон төлөөлөгчид"-ийг харж болно. Тэдний хамгийн их түгээдэг мэдээлэл нь "вакцин аутизм үүсгэдэг" гэх мэдээлэл бөгөөд үүний улмаас дэлхий даяар олон эцэг эх хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзсаар л байна. 

Сэтгэл судлалын үүднээс хийсэн тайлбар 

ОХУ-ын Ставрополийн сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлгийн "Аутизмын сургууль"-ийн багш, анагаах ухааны сэтгэл судлаач Юлия Барабановагийн өгүүлснээр вакцин аутизм үүсгэдэг гэх төөрөгдөл аутизмтай хүүхдийн эцэг эхчүүдэд төдийгүй зарим мэргэжилтнүүдийн толгойд ч гүн бат суусан гэнэ. "Таны хүүхэд вакцин хийлгэсний улмаас аутизмтай болж" гэсэн түүхийг залуу ээж эмнэлэг, согог засалч, цэцэрлэг гээд хаа сайгүй сонсох боломжтой гэж сэтгэл судлаач онолжээ.

Түүнчлэн хүүхдийн аутизм хэрхэн үүсдэг нь өнөөг хэр нь гүйцэт судлагдаагүй нь нөхцөл байдлыг бүр хүндрүүлдэг гэнэ. Тиймээс аутизмтай хүүхдүдийн эцэг эхчүүд өвчний шалтгааныг гадны хүчин зүйлтэй холбох нь сэтгэлзүйн хувьд илүү хялбар байдаг  аж.

 

Төөрөгдөл хэрхэн үүсэв

Эндрю Уэйкфилд эмч

Аутизм вакцинаас үүдэлтэй гэх таамаглал шинжлэх ухааны хүрээнд гарсан нь хачирхалтай. 1998 онд Британийн эмч Эндрю Уэйкфилд нэр хүнд бүхий The Lancet сэтгүүлд судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн бөгөөд энэ судалгаандаа улаанбурхан болон хүүхдийн аутизмын хоорондын уялдаа холбоог баталсан гэжээ. Өнгөц харахад судалгааны мэдээллүүд ихэд үнэмшил төрүүлэхүйц байж. Мөн нийтлэл гарахаас өмнө Уэйкфилд эмч хэзээ ч шинжлэх ухааны нээлт, ололт хийж байгаагүйг мэдэх хүн цөөн байжээ. Харин энэ судалгаа гарсны дараа байдал үндсээрээ өөрчлөгдөж, залуу эмчийг телевизийн сувгууд урьж, Британийн шар хэвлэлүүдээс түүний зураг салахаа больсон гэдэг. Нэг л өдрийн дотор Уэйкфилд үндэсний хэмжээний од болж, эцсийн эцэст хүүхдийн нууцлаг өвчний шалтгааныг тайлсан баатар болох нь тэр. Ингээд ердөө улаанбурханы вакцин хийлгэхгүй байхад л энэ өвчнийг ялчихна гэсэн бодол хүмүүст суужээ. 

Уэйкфилдийн гаргасан алдаанууд

Уэйкфилд судалгаандаа эрдэм шинжилгээний судалгааны арга зүй төдийгүй эмчийн ёсзүйг ч зөрчсөн аж. Тэрбээр вакцин эсэргүүцэгч эцэг эхчүүдээс судалгааны бүлгээ бүрдүүлсэн бөгөөд энэ бүлэгт багтсан нэгэн ээж хожим нь дурсахдаа, "хүүхэд нь вакцин тариулснаас хойш 11 өдрийн дараа аутизмын шинж тэмдэг илэрсэн" гэж хэлэхийг эмч шахжээ. Тэрбээр вакцины найрлагад багтсан улаанбурхан өвчний сулруулсан вирус ходоодны эсэд орж, үрэвсэл үүсгэн, улмаар аутизмын шинж тэмдэг үүсгэдэг гэж үзэж байв. Аутизм үүсэх шалтгаан нь вакцинд агуулагдсан мөнгөн устай холбоотой хэмээн эмч таамаглажээ. Тэрбээр энэ таамаглалаа батлахын тулд хүүхдүүдэд удаа дараа шулуун гэдэсний дурангийн оношлогоо хийсэн гэнэ. Мөн вакцин хийлгэхээс ч өмнө бүдүүн гэдэсний салстын үрэвсэлээр өвдсөн хүүхдүүдийг өвчнийх нь талаар мэдсэн ч зориудаар туршилтын бүлэгтээ багтаажээ. Ингээд судалгаандаа өвчин үүссэн хугацааг өөрчлөн бичиж, хүүхдүүд эхлээд вакцин хийлгүүлж, дараа нь бүдүүн гэдэсний үрэвсэлтэй болон, улмаар аутизмтай болсон гэж бичсэн байна.

 

Үнэнийг илчилсэн мөрдлөгө

Уэйкфилдийн судалгаа худал гэдгийг батлах гэрчүүдийн мэдээлэл ар араасаа гарсаар байв. Аутизмтай гэгдэх туршилтад оролцсон хүүхдүүдээс тун цөөн нь ийм оноштой байжээ. Үүний дараа Британийн анагаах ухааны сэтгүүлч Брайан Дир The Lancet сэтгүүлийн редакцитай зэрэгцэн Уэйкфилдийн хэргийг мөрджээ. 

 

Мөрдлөгөөр, судалгааны нийтлэл гарахаас хоёр жилийн өмнө буюу 1996 онд Уэйкфилд бие орнанизм дахь улаанбурханы вирусийн үлдэцийг илрүүлдэг түргэвчилсэн оношлуурын патент авч байсан нь тогтоогдсон байна. Энэ тестийн тусламжтайгаар Их Британи дахь аутизм оноштой бүх хүүхдээс шинжилгээ авахаар төлөвлөжээ. Харин дараа жил нь Уэйкфилд улаанбурханы эсрэг "аюулгүй" вакцины патентыг авахаар оролджээ.  

Эмчийн төлөвлөгөө ердөө эдийн засгийн ашиг сонирхол дээр тулгуурлаж байсан аж. Эхлээд түргэвчилсэн оношлуураа "шахаж", дараа нь "аутизм үүсгэдэггүй баталгаатай вакцин"-аа зарах. Уэйкфилдийн судалгааг ивээн тэтгэж байсан UK Legal Aid Board компани энэ луйвраас 28 сая фунт стерлинг (shuud.mn: монгол мөнгөөр 101,7 тэрбум төгрөг)-ийн ашиг олохоор төлөвлөж байжээ. Учир нь Их Британийн Эрүүл мэндийн яам MMR вакцин аутизм үүсгэж байгаа гэсэн судалгааны дараа энэ вакциныг зах зээлээс эргүүлэн татахаар зэхэж байж.

Няцаагдсан ч оршсоор буй төөрөгдөл 

Хорьдугаар зуунд гарсан энэ төөрөгдөл тун удалгүй няцаагдсан ч өнөө хэр нь иргэдийн дунд хөвөрч, эцэг эхчүүдийг айдаст автуулсаар л байна.

 

Иргэдийн вакцинд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд олон судалгаа хийж, хүч хөрөнгө зарцуулжээ. Тухайлбал, Данийн эрдэмтэд хагас сая гаруй хүүхдүүдийн мэдээллийг судлан, вакцин аутизмтай ямар ч холбоогүй гэдгийг тогтоосон юм. Улмаар тэд "олон жилийн өмнөх хуурамч судалгаанаас үүдсэн төөрөгдлийг арилгахын тулд ийм их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсонд харамсаж байгаа"-гаа онцолж байлаа.

 

Ердөө хоёр жилийн өмнө ийм судалгааг дахиад л хийж, дахиад л аутизм, вакцин хоёр хамааралгүй гэдгийг тогтоосон юм. Энэ удаад судалгааг Копенгагены Улсын ийлдсийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хийжээ.

 

АНУ-ын Эмори их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, доктор Саад Омер "нэг ялихгүй хуурамч судалгаанаас" болж хорь гаруй жил энэ төөрөгдлийг няцаахын тулд ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлснийг Вашингтон таймс зэрэг Америкийн хэвлэлүүд дамжуулж байв.

Америкийн хүүхдийн анагаах ухааны академийн төлөөлөгч, Шон О'Лири Нью-Йорк Таймс сонинд өгсөн байр сууриар нийтлэлийг төгсгөж байна. 

"Төөрөгдлийг арилгана гэдэг тун хэцүү. Үүнийг давтан өгүүлснээрээ хүмүүсийн төөрөгдлийг улам л бататгах эрсдэлтэй. Хэн нэгэн мэргэжлийн хэллэгээр, аутизм вакцинаас болдоггүй гэдгийг тайлбарлах гэж оролдох үед эцэг эхчүүд аутизм болон вакцин хоёр ямар ч байсан хоорондоо хамааралтай л юм байна гэсэн сэтгэгдэлтэй л үлддэг "

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Hun bolgon adilgui uchir zarim talaaraa eserguutseh chadvar sul huuhduud vaccines bolj autistic boldog n unen. Gol n eserguutseh chadvar n her esehiig meddeggui baga nyalhad n hiilgechihdegt asuudal bgaam. Hediigeer uls undestnii huvid ihenh n vaccine hiilgeed gaigui bga yum shig bolovch yag tiim huuhedtei bolson urhiin huvid aimshigt zovlon bolon huvirdag. Gachlantai n ene too jilees jild oron burt nemegdeed bn, ene bol margashgui unen. Tanii huuhed unuudur zugeer ch ireeduid tednii huuhed autismtai bolohiig uguisgehgui iimd huu ohinii chin tsetserleg surguulid iim huuhed baival oilgoj tuslaj demjihiig bodooroi.
2021-02-19