ВИДЕО: Хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хилээ нээх боломжтой

img

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Өнөөдрийн уулзалтаар цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гээд олон зүйлийг ярилцаж, төлөвлөгөөг илүү тодорхой болгох болно.

 

Шинэ, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож цар тахлыг сөрсөн арга барилаар ажиллахыг та бүхэнд уриалж байна хэмээв. 

 

Аялал жуулчлалын 15 ТББ нийлж салбарынхаа ААН, ойр ажилладаг хүмүүсийг хамарсан санал асуулга явуулж 300 гаруй саналыг цуглуулсан байна. 2019 онд монголын аялал жуулчлалын салбар 607 сая ам.долларыг авчиржээ. Энэ нь манай ДНБ-ний 7,2 хувийг эзлэх ба аялал жуулчлал сайн хөгжсөн улсад 35 хувийг эзэлдэг. Тухайн онд 577,3 мянга гаруй жуулчин ирсэн байна. Өнгөрсөн онд салбарын орлого -65,8 хувь буурчээ.

 

Салбарынхан өөр өөрсдийн чиглэлийн мэдээллээ хийж, Сангийн сайд Б.Жавхлан асуултад хариулсан юм.  Тэрбээр: 

 

-Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ Засгийн газар авч байна. Эдийн засгийн эргэлт бидний зорьсон хэмжээнд байж чадвал долдугаар сарын нэгэнд эдийн засаг тогтворжино гэлээ. Уулзалтаар аялал жуулчлалын салбарынхан тавдугаар сарын нэгнээс хилээ нээхийг хүссэн юм. 

 

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Тавдугаар сарын нэгнээс хил нээх эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэл их байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Ямартай ч бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн юм. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ