Мьянмар: 19 орноос дипломатуудаа эгүүлэн татаж, Аун Сан Су Жиг шүүж эхлэв

НҮБ дахь Мьянмарын төлөөлөгч Жо Мо Тун Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны индэр дээрээс Мьянмарын шинэ Засгийн газартай харилцаа нь тасалдсан гэж мэдэгдэж, дэлхийн бүхий л ард түмэн, Засгийн газруудыг хоёрдугаар сарын нэгний өдөр болсон Мьянмарын цэргийн эргэлтийн эсрэг зогсохыг уриалсан юм.
Энэ мэдэгдлийн дараа Мьянмарын цэргийнхнээс бүрдсэн эрх баригчид дэлхийн 19 орноос 100 дипломатыг эгүүлэн татсан талаар тус улсын Гадаад хэргийн яамны тушаалыг үндэслэн Irrawaddy цахим хуудас мэдээлжээ.
Тушаалд зааснаар, АНУ, Их Британи, Австри, Итали, Бразил, Франц, Норвеги, Бельги, Серби, Хятад, Япон, Энэтхэг, Сингапур, Таиланд, Хонконг, Индонез, Камбож, Өмнөд Солонгос болон Филиппинээс зөвлөх элч, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга нарыг эгүүлэн татахаар болсон байна. Түүнчлэн одоо Нейпидод ажиллаж буй дээрх улс орнуудын 50 дипломатчийг нутаг руу нь буцаахаар болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ дахь Мьянмарын төлөөлөгч Жо Мо Туныг цэргийн эрх баригчид албан тушаалаас нь хэдийнэ чөлөөлсний дээр түүнийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж байгаа аж. Жо Мо Туны НҮБ-д хийсэн мэдэгдлийн дараа хилийн чанадад ажилладаг Мьянмарын дипломатууд эх оронд нь өрнөж буй цэргийн Засгийн газрыг огцрохыг шаардсан иргэдийн эсэргүүцэлд нэгдэж эхэлсэнтэй холбоотой гэнэ.
Аун Сан Су Жи шүүхийн өмнө зогсов
Мьянмарын гол удирдагч гэгддэг Аун Сан Су Жиг хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийн эргэлт гарах үеэр баривчилж, цэргийнхэн түүнийг хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Улмаар гуравдугаар сарын нэгний өдөр Аун Сан Су Жиг шүүх хурал болж, тэрбээр энэ хуралд видео холбоогоор оролцсон байна.
Аун Сан Су Жи бүтэн сарын хугацаанд гэрийн хорионд байгаа юм. Анхлаад түүнийг богино долгионы станц хууль бусаар зөөвөрлөсөн, хадгалсан хэмээн буруутгаж байлаа. Харин дараа нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн гэж нэмж буруутгасан бол даваа гарагт болсон шүүх хурлаар түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр эрүүл ахуйн журам зөрчсөн гэсэн хэргээр буруутгажээ.
Аун Сан Су Жид анхлан тулгаж байсан хэргийн улмаас түүнд гурав хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй байсан. Харин одоо түүнийг буруутгах хэргүүд нэмэгдсэн тул өдгөө 75 настай Аун Сан Су Жи хэдэн жилийн хорих ял авах нь тодорхойгүй байгаа юм. Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 15-ны өдөр товлогджээ. Түүнчлэн Мьянмарын Ерөнхийлөгч, Аун Сан Су Жигийн хамтран зүтгэгч Вин Мьин ч мөн хорионд байгаа юм. Түүнийг мөн л эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа аж.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон Засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд Ерөнхийлөгчөөр томилсон юм.
Ийнхүү цэргийнхэн төрийн эрхийг гартаа авснаас хойш Мьянмарын иргэд эсэргүүцлийн давалгаа өрнүүлж, олныг хамарсан жагсаал, ажил хаялт зохион байгуулсаар байна. Сүүлийн өдрүүдэд Мьянмарын хүчний байгууллагууд иргэдийн жагсаалыг хүч хэрэглэн тарааж, байлдааны сум ашигласны улмаас 18 хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.
Мьянмар: Цэргийнхнийг эсэргүүцсэн иргэд рүү гал нээж, хүний амь үрэгдэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ